
Данийн нийслэл Копенхаген хот Их Британийн The Economist Group компанийн жил бүр гаргадаг “Амьдрахад хамгийн таатай хотууд”-ын 2025 оны жагсаалтыг тэргүүлжээ. The Economist Intelligence Unit багийн шинжээчид эрүүл мэнд, боловсрол, тогтвортой байдал, дэд бүтэц болон байгаль орчин зэрэг хүчин зүйлсийг авч үзэн дэлхийн 173 хотыг амьдрахад таатай байдлаар нь дүгнэн жил бүр жагсаадаг билээ.
Данийн нийслэл тогтвортой байдал, боловсрол болон дэд бүтэц дээр хамгийн өндөр оноо авсан бол жагсаалтын хоёрт Австрийн Вена болон Швейцарын Цюрих хотууд бичигджээ. Жагсаалтын эхний 10-т Австралийн гурван ч хот бичигдсэнээс Мельбурн 4-т, өнгөрсөн онд 7-р байрт бичигдэж байсан Сидней хот нэг байр урагшлан 6-д, Өмнөд Австрали мужийн Аделаид хот 9-д бичигджээ.
Жагсаалтын 5-д Швейцарын Женев, 7-д Японы Осака, 8-д Шинэ Зеландын Окленд хотууд бичигдсэн байна. Канадын Ванкувер хот жагсаалтын 10-т бичигдсэн бол 2024 оны жагсаалтын 5 болон 12-т бичигдэж байсан Канадын Калгари болон Торонто хотууд нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн дутагдал, эмнэлгүүдийн тоо цөөн зэргээс болж байр ухран, жагсаалтын 18 болон 16-д тус бүр бичигджээ.
АНУ-ын хотуудаас амьдрахад хамгийн таатай хотоор Хавайн Хонолулу хот шалгарсан байна. Их Британийн Лондон, Манчестер болон Эдинбург хотууд нь тогтвортой байдал дээр бага оноо авч, өмнөх оныхоос байр хойшилсон байдалтай байна. 2024 онд баруун Европ, Ойрх Дорнод, хойд Африкийн хотууд тогтвортой байдал дээр хангалтгүй оноо авч байсан бол энэ онд Ази тивийн хотууд тэр дундаа Энэтхэг, Тайванийн хотуудад уг асуудал тулгарчээ.
Тогтвортой байдал нь сайжирч, байр урагшилсан хотуудад Саудын Арабын Аль Хобар хот 13 байр урагшлан 148-аас 135-д, Индонезийн Жакарта хот 10 байраар урагшлан 142-оос 132-д бичигдсэн байна. Харин амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтын сүүлд бичигдсэн хотуудын нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвээр байна. Сирийн Дамаск хот амьдрахад хамгийн таагүй хотуудын 1-т бичигдсэн хэвээр байна. Түүний араас Ливийн Триполи, Бангладешийн Дакка хотууд тус тус бичигджээ.
Эх сурвалж: CNN