
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтакынов 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай хоёр ард түмэн эрт үеэс түүх, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой явж ирсэн найрсаг харилцаатай орнууд бөгөөд Монгол, Казахстаны хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон зүйлийг бодит ажил хэрэг болгох, тэр дундаа хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол, Казахстаныг холбосон дөт замыг бий болгох, Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг тогтмолжуулах зэрэг чиглэлд Элчин сайдыг анхаарч ажиллахыг хүсэв.
Элчин сайд А.Сейтакынов Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн тэлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийллээ.
Монгол, Казахстаны хооронд 1992 оны 01 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон.