
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1 дэх заалтаар энэ жилээс эхлэн тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээ хийгээгүй, худалдан авалт зохион байгуулаагүй төслүүд шууд хэмнэлтийн хүрээнд багтаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон юм.
“2025 оны 5-р сарын 31-ний байдлаар 130 төслийн 535.9 тэрбум төгрөгийн төсөв, арга хэмжээ хэмнэгдэж байгаа нь шууд хуулийн дагуу тооцогдсон хэмнэлт. Үүнийг хэлэхэд харамсалтай ч энэ төсөв бол хайран. Ерөнхийлөн захирагч нарын хувьд өмнөх жилээсээ бага төсөл хөтөлбөр батлуулсан. Гэтэл 130 нь хэмнэгдэнэ гэдэг бол бас хүнд үзүүлэлт” хэмээн тэр бээр дурдлаа.
Эдгээр төслүүдийн жагсаалт нь Засгийн газрын тогтоолын хавсралтаар батлагдах бөгөөд бүх сайдын багц хэмнэлтийн хамрах хүрээнд багтжээ. Ялангуяа эрүүл мэнд, хот байгуулалт, орон сууцжуулалтын салбаруудын төсөв ч багтсан гэдгийг Сангийн сайд хэлсэн юм.
Төсвийн тодотголын хэлэлцүүлэг эхэлж, өргөн барих хугацаа 14 хоног
“Аливаа төсвийн тодотгол хийхээс 14 хоногийн өмнө олон нийтийн хэлэлцүүлэг эхэлдэг хуультай. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн албан ёсоор хэлэлцүүлэг эхэлж байна гэсэн үг. Бид одоо хэмнэлтийн тодотголоо хийх шатанд орж байна” хэмээн Сангийн сайд онцлов.
Түүний мэдээлснээр 2025 оны төсвийн төлөвлөлт өнгөрсөн оны өдийд хийгдэж, эдийн засгийн өсөлт 6-7 хувь байна гэсэн өөдрөг хүлээлт байжээ. Гэвч 2024 оны эхнээс олон улсын эдийн засагт, тэр дундаа Монголын гол түнш Хятадын зах зээлд хүндрэл үүсэж, нүүрсний үнэ эрчимтэй буурсан байна.
“Нүүрсний үнэ нэгдүгээр сараас хойш нийт 220 юаниар унасан. Үүний нөлөөгөөр 5-р сард төсвийн тэнцлийн алдагдал 260 тэрбум төгрөгт хүрч огцом өссөн. Үүнтэй уялдаад төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн” гэв.
2.3 их наядын хэмнэлтийн хүрээнд 1.8 их наядын тодотгол хийнэ
“Шинэ Засгийн газар байгуулагдаж, төсвийн ерөнхийлөн захирагч нар хоорондоо зохицуулалт хийсний үндсэн дээр бид энэ хэмнэлтийн тодотголыг хийж эхэлж байна. Нийт 2.3 их наяд төгрөгийн хэмнэлт хийнэ. Энэ нь бараг бүх яаманд хамаарч байгаа. Боловсрол, эрүүл мэндийн салбарт бол аль болох гар хүрэхгүйг хичээж байна. Харин бусад салбарууд дээр энэ хэмнэлт маш хүндээр тусна” хэмээн тодотгов.
Төсвийн тодотголын дүн 1.8 их наяд төгрөг байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд энэ тоо ойрын өдрүүдэд эцэслэгдэнэ. Мөн төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгох шийдвэр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан болохыг Сангийн сайд онцолсон.
“Алт-3” хөтөлбөр үргэлжилнэ
Сэтгүүлчдийн тавьсан “Алтны үнэ өсч байхад ‘Алт-3’ хөтөлбөр үргэлжлэх үү?” гэх асуултад Б.Жавхлан дараах байдлаар хариулсан:
“Алтны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Алтны үнэ өссөн үед энэ нь валютын нөөцөд эерэг нөлөө үзүүлдэг. Төсвийн орлогод бага ч гэсэн нэмэртэй. Өмнө нь нөхөн сэргээлтийн зардлын 50 хувийг барьцаалдаг байсан бол одоо 100 хувийг шаардах болно. Мөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хөнгөлөлт олгохгүй. Үнэ өндөр байгаа үед үүнийг даваад гарах бүрэн боломжтой” гэдгийг тодотгов.
Сангийн сайдын мэдээллээр 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт хийх шаардлага дотоодын хуулийн хугацаа, гадаад эдийн засгийн таамаглалуудын алдаа, нүүрсний үнэтэй холбоотой огцом алдагдлаас улбаатай. Төсвийн тодотголыг олон нийтийн 14 хоногийн хэлэлцүүлэг хийсний дараа өргөн барих бөгөөд төрийн байгууллагуудын цомхон бүтцийг баримтлах, үр ашигтай зарцуулалтад анхаарах нь гол зорилго юм.