
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуульд тодотгол оруулах төслийг хэлэлцсэн.
Хуралдааны дараа УИХ-ын даргад 2025 Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Хэмнэлтийн тодотголыг өргөн барьсан байна.
Уг тодотголын талаар сангийн сайд мэдээлэл өглөө. Уг тодотголд Төсвийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар тухай төсвийн жилийнхээ 05 дугаар сарын 31-ээс өмнө худалдан авах ажиллагаа зохион байгуулж, гэрээ хийж амжаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг хасахаар заасан бөгөөд хуулийн дагуу 535,9 тэрбум төгрөгийг хэмнэхээр байна.
Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд батлагдсан боловч гэрээ байгуулагдаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг хэмнэлтэд тооцсон 535,9 тэрбум төгрөг байна.
Салбараар нь хэмнэлтийг харвал:
- Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум төгрөг,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6 тэрбум төгрөг,
- Боловсролын сайдын багцаас 33.7 тэрбум төгрөг,
- Зам, тээврийн сайдын багцаас 33.4 тэрбум төгрөг,
- Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 19.7 тэрбум төгрөг,
- бусад сайд нарын багцаас 342.7 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцов.