
Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 2025 оны 6-р сарын 20-нд мэдээлэл өглөө. Тэрээр тэтгэвэрт гарах иргэд, төсвийн тодотгол, хэмнэлтийн хууль, цомхотгол, ажилгүйдлийн даатгалын сан зэрэг салбарын тулгамдсан асуудлуудыг хөндөв.
Энэ жил тэтгэвэрт гарах 7000 гаруй иргэн байна
2025 онд тэтгэвэрт гарахаар бүртгэгдсэн 7000 гаруй иргэний тэтгэмжийн зардалд 50 гаруй сая төгрөгийн төсөв улсын төсөвт суусан байгаа бөгөөд энэхүү асуудлыг яам нэн тэргүүнд шийдвэрлэхийг зорьж байна.
Цомхотгол, ажилгүйдлийн даатгалын сангийн нөхөн олговрын асуудал
Яамны зүгээс хэмнэлтийн хуулийн дагуу цомхотгогдох 533 орчим албан тушаалтны нөхөн олговрыг ажилгүйдлийн даатгалын сангаас гаргуулах шаардлагатай байгаа бөгөөд 1.84 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгах хэрэгтэй хэмээн үзэж байна. Цомхотгол нь жирийн төрийн албан хаагч бус, чиг үүрэг давхардсан удирдах түвшний албан тушаалтнуудыг хамарч байгаа гэв.
Хэмнэлтийн хуулиас үлдсэн 4.4 тэрбум төгрөгийг зохистой зарцуулахыг зорьж байна
Яамны хэмжээнд хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш үлдсэн 4.4 тэрбум төгрөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зориулалттай барилга, тоног төхөөрөмжүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байсан ч, 5-р сарын 31-ний дотор бүх үйл ажиллагаа “ян тан” болж амжаагүй бол хэмнэлтийн хуулиараа татан авч буй. Энэ талаар сайд Т.Аубакир “Хариуцлага гэхээсээ илүү шинэ соёлыг хэвшүүлэх нь чухал” хэмээн онцлов.
Ахмадын зээлтэй холбоотой асуудалд Монголбанкны шийдвэрийг дагана
Сайд Т.Аубакир мөн ахмад настнуудын зээлийн нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцох боломжгүйг тайлбарлаж, Монголбанк өр, орлогын харьцаа 50:50 хэмээн мэдээлсэн тул төв банкны шийдвэрийг дагах байр суурьтай байгааг мэдэгдэв.
Халамж болон хүүхдийн мөнгийг танахгүй
Нийгмийн халамж, хүүхдийн мөнгөний бодлого энэ оны төсөвт хасагдахгүй, хэвээр хадгалагдах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийн зарим нь танагдах шатанд орсон талаар мөн дурдсан юм.
“Хууль соёл болж нутагшихад цаг хугацаа шаарддаг. Эхний жилээс мөрдөж эхэлж байгаа учраас заавал нэг хүнд хариуцлага тооцохоос илүү систем, хандлага, зохион байгуулалтыг сайжруулах нь чухал.” гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир онцлон тэмдэглэлээ.