
Канад улсад болсон “Их-7”-гийн чуулга уулзалтын хүрээнд Канадын Ерөнхий сайд Марк Карни ОХУ-ын 1000 орчим бараа бүтээгдэхүүн, нэр бүхий субъектүүд болон хуулийн этгээдүүдэд, түүнээс гадна ОХУ-ын газрын тос тээвэрлэгч 200 гаруй хөлөг онгоцнуудад хориг тогтоожээ.
Энэ нь ОХУ Украин руу довтолсноос хойш Оттавагийн танилцуулсан хориг арга хэмжээнүүдээс хамгийн чухал нь бөгөөд ОХУ-ын худалдаа болон далайн тээврийн салбарыг хамарсан хамгийн том хориг арга хэмжээ гэдгийг Канадын Дотоод хэргийн сайд Анита Ананд онцолжээ.
Канадын хоригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины экс эхнэр Людмила, түүний одоогийн нөхөр Артур Очеретный, В.Путины хамаатан Михаил Шеломов, ОХУ-ын Ерөнхийлөгч агсан Борис Ельцины охин Татьяна, нөхөр Валентин Юмашевын хамт, Роснано компанийн тэргүүн асан Анатолий Чубайс, Австрийн Дотоод хэргийн сайд асан Карин Кнайсль, “Северный поток-2” төслийн захирал асан Маттиас Варниг, ОХУ-ын уран гимнастикийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Ирина Винер зэрэг 70 гаруй хүн багтжээ.
Олон улсын Авлигатай тэмцэх сангийн тэргүүн Мария Певчихын мэдэгдсэнээр 2024 оны 2-р сард Алексей Навальныйг хорих ангид нас барсны дараа түүнийг дэмжигчид болон найз нөхөд нь Владимир Путины хамгийн ойрын 50 хүний жагсаалтыг гаргаж байсан ба Оттавагийн хоригт дээрх жагсаалтад багтсан бүх хүмүүс дурдагдсан байгаа аж.
Канадын импортын хоригт ОХУ-ын гадаадын орнуудад экспортолж, ашиг орлого олдог нүүрс, тодорхой нэр төрлийн металлуд зэрэг олон тооны бараа бүтээгдэхүүнүүд багтсан байна.