
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв, Сүхбаатарын талбайд 3х3 сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүд болох хуваарьтай байгаа. Тэгвэл өнөөдөр сагсан бөмбөгийн улирлын эхний тэмцээн хөшгөө нээж байна.
Тодруулбал, зургаадугаар сарын 18-19-нд Дэлхийн эмэгтэйчүүдийн цуврал “FIBA 3×3 Women’s Series Ulaanbaatar 2025” тэмцээн, 20-21-нд эрэгтэйчүүдийн Дэлхийн Их Дуулга “FIBA 3×3 Ulaanbaatar World Tour” тэмцээн, мөн 23-29-нд 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Дэлхийн эмэгтэйчүүдийн цуврал “FIBA 3×3 Women’s Series Ulaanbaatar 2025” тэмцээнд чансаагаараа дэлхийд эхний 5-д эрэмбэтэй Герман, 7-д эрэмбэтэй Канад, Монгол Улсын “Улаанбаатар Амазонс” тэргүүтэй шилдэг 12 баг өрсөлдөнө. Дэлхийн их дуулга “FIBA 3х3 Ulaanbaatar World Tour” тэмцээнд Сербийн Лиман, Байхраны Риффа, БНХАУ-ын Чонмин тэргүүтэй 12 баг оролцоно. Монгол Улсаас Улаанбаатар “ММС Энержи” болон Завхан “Сайнскор” багууд өрсөлдөх юм.
Мэргэжлийн багуудын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн дараа 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг МСБХ-ноос мөн Улаанбаатарт зохион байгуулна.
Улаанбаатар Амазонс баг “Улаанбаатар Эмэгтэйчүүдийн Дэлхийн Цуврал” тэмцээний хасагдах шатанд Украйны шигшээ багтай учраа таарсан бөгөөд өнөөдөр 16:35 цагаас тоглоно.

3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 23-наас 29-нийг дуустал Д.Сүхбаатарын талбайд болно. Эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 багийн 160 тамирчин (нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй) Улаанбаатарт өрсөлдөх юм. Энэ удаагийн тэмцээнд оролцох багууд эхнээсээ бүрэлдэхүүнээ зарлаад эхэлсэн. Тодруулбал, Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар нар багтсан байна.
Эрэгтэй тамирчид “B” хэсэгт АНУ, Латви, Япон болон Монтенегротой өрсөлдөнө


Харин эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл, О.Хулан нар багтжээ.
Эмэгтэй тамирчид “D” хэсэгт Испани, Герман, Украин, Бразилтай өрсөлдөнө


Мөн энэхүү тэмцээнд оролцох АНУ-ын баг бүрэлдэхүүнээ зарласан байна. Тодруулбал, NBA-гийн тоглогч асан, өдгөө 3х3 шигшээ багийнхаа захирлаар нь ажиллаж буй Жиммер Фредеттийн удирдлага дор Хенри Карусо, Мич Хан, Жэймс Парротт, Дайлан Травис нар эрэгтэй багаа төлөөлөх бол Морган Мэли, Сара Стронг, Микалай Уильямс, Сахара Уильямс нар “Сэм авгын” эмэгтэй багаас оролцохоор болжээ.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд 3х3 сагсан бөмбөгийн гурван тэмцээн Монголд болно. Ингэснээр Монголын Сагсан бөмбөгийн холбоо 3х3 төрлийн олимпийн наадмаас бусад тэмцээнийг авсан цор ганц улс буюу холбоо болж буй. Тус холбоо нь 2017 оноос хойш тасралтгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын чанартай, даацтай тэмцээн уралдааныг зохион байгуулж байна.
Эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн энэ сарын 18-наас 19-нийг дуустал үргэлжлэх бол залгуулаад эрэгтэйчүүдийн Дэлхийн цуврал тэмцээн 20-21-нд зохион байгуулах товтой байна.