
Израил-Ираны зэвсэгт мөргөлдөөн 6 дахь өдрөө үргэлжилж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Ираны шашны тэргүүн Аяатолла Али Хаменеи X нийгмийн сүлжээнд, “Агуу Хайдарын нэрийн өмнөөс тулаан эхэлснийг зарлаж байна.” хэмээн бичжээ.
Лалын шашны шиа урсгалыг дагагчид лалын шашныг үндэслэгч, зөнч Мухаммедын залгамжлагч гэгддэг анхны имам буюу шашны тэргүүн Али ибн Абу Талибыг Хайдар хэмээн дуудах нь элбэг аж. Ираны шашны тэргүүн Али Хаменеи, “Бид террорист сионист дэглэмд хүчирхэг хариу өгөх ёстой. Сионистуудад өршөөл үзүүлэхгүй.” хэмээн бичжээ.
Түүнийг ийнхүү мэдэгдэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтон Ираны агаарын орон зайг бүхэлд нь хяналтдаа авсан хэмээн зарлаж, Truth Social нийгмийн сүлжээндээ, “Ираны шашны тэргүүн гэгч хаана нуугдаж байгааг бид мэднэ. Гэхдээ бид одоохондоо түүнийг хөнөөхгүй. Пуужинд энгийн иргэд эсвэл Америкийн цэргүүд өртөөсэй гэж хүсэхгүй байна. Бидний тэвчээр нимгэрсээр байна. Анхаарал тавьсанд баярлалаа.” хэмээн Тегераныг үг дуугүй бууж өгөхийг шаарджээ.
АНУ-ын албаны эх сурвалжуудын CNN агентлагт мэдээлснээр Ерөнхийлөгч Д. Трамп Ираны цөмийн объектуудад АНУ-ын цэргийн зэр зэвсгийн тусламжтай цохилт үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байгаа аж. Өнгөрсөн баасан гарагт Израилын зэвсэгт хүчин Ираны цэргийн, эрчим хүчний болон цөмийн объект, дэд бүтцүүдэд цохилт үзүүлснээр хоёр орны зөрчилдөөн хурцдаж, талуудын зэвсэгт мөргөлдөөн 6 дахь өдрөө дараалан үргэлжилж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Израил улс 50 гаруй сөнөөгч онгоцоор Ираны ураны центрифуг үйлдвэрлэдэг объект мөн зэр зэвсгийн хэд хэдэн үйлдвэрүүдэд тэр дундаа газраас-газар ангиллын пуужин угсрахад шаардлагатай материал, түүхий эд үйлдвэрлэдэг объектуудад цохилт үзүүлсэн байна.