
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу өнгөрсөн мягмар гарагт Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод айлчилж, тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзжээ.
С.Шойгугийн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийсэн хэлэлцээний үр дүнд талууд ОХУ-ын Курск мужийг сэргээн босгох төсөл дээр хамтран ажиллахаар тохирсон байна.
С.Шойгу, “БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун ОХУ руу тэсрэх бөмбөгнүүдийг илрүүлж аюулгүй болгох үүрэгтэй 1000 сапер, сүйдэж, үгүй болсон дэд бүтцүүдийг сэргээн босгоход туслах барилгын цэргийн анги бүрэлдэхүүний 5000 цэргийг илгээх шийдвэр гаргасан” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн талууд Украины эсрэг ОХУ-ын талд тулалдаж, амиа алдсан хойд солонгосын цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж, гавьяаг мөнхлөх зорилгоор ОХУ-ын Курск мужид дурсгалын хөшөө босгохоор болжээ. Украины армийн хяналтад хэсэгчлэн ороод байсан ОХУ-ын Курск мужид Хойд Солонгосын 10 мянга гаруй цэргүүд ОХУ-ын талд Украины эсрэг тулалдсан юм. Барууны орнуудын тооцооллоор Хойд Солонгосын тэдгээр цэргүүдээс багадаа 1000 нь тулааны явцад амь үрэгдсэн аж.
С.Шойгугийн хувьд сүүлийн 3 сарын хугацаанд Хойд Солонгост 3 дахь удаа айлчилж байгаа нь энэ юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард талууд батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсныг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэсэн хэмээн онцолж байсан билээ.