
“АРА ФЕСТ 2025” гурав дахь жилдээ цар хүрээгээ улам тэлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын нэртэй уран бүтээлчид, Монголын бүх үеийн одод, үндэсний өв соёлын гайхамшгийг нэгтгэсэн цогц арга хэмжээ болж АРА Комплекс, Архангай аймагт 2025 оны 6-р сарын 24-өөс 8 сарын 3-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.
“АРА ФЕСТ2 2025” наадмын гол зорилго бол Монголын язгуур өв соёлоос эхлээд орчин үеийн урлагийн бүхий л төрлийг дэмжин, дэлхийн хэмжээнд таниулах, тэр дундаа үзэсгэлэнт Архангай нутгаа аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх явдал юм” хэмээн зохион байгуулагчдын төлөөлөл онцоллоо. Бид энэ жил зөвхөн хөгжмийн наадам гэхээсээ илүүтэй гэр бүл, найз нөхдөөрөө ирж оролцон, мартагдашгүй дурсамж бүтээх цогц орчныг бүрдүүлэхээр зорьжээ.
Г.Хонгорзул АРА фестивалийн хамтран үүсгэн байгуулагч:
“Энэ жил цоо шинээр Монголын хамгийн анхны хувийн оркестр болох Анир Поп Оркестрын уран бүтээлчидтэйгээ хамтран хоёр өөр төрлийн шоуг бэлдсэн. 7-р сарын 13-нд “Носталжик үдэш” гэх нэртэй өнгөрсөн үеийн сэтгэлд хоногшсон дуунуудтай нэгэн үдшийг өнгөрөөх бол 7-р сарын 14-нд Монголынболон гадаадын шилдэг уран бүтээлч DJ нартай хамтарсан тоглолтууд хийхээр төлөвлөсөн байна.
- Дэд бүтцээ улам сайжруулж, боловсон ариун цэврийн байгууламж, нарны эрчим хүчний эх үүсвэр, метр ендертэй хамгийн том гулсуур, 300 метрийн “зип лайн” байгуулсан ба олон улсын стандартын богино зайны морин тойруулга үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
- АРА ФЕСТ 2025 7, 8-р сарыг дамнан үргэлжлэх бөгөөд долоо хоног бүр өөр өөр төрлийн арга хэмжээгээр дүүрэн байх юм.
- Майхантай аялагчдад зориулсан тусгай бүсүүд, аяллын шинэ шийдэл болох унтлагын капсулуудыг анх удаа нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.
АРА фестивалийн хүрээнд Олон улсын зэрэглэлийн дараах үйл явдлууд зохион байгуулагдах аж.
- Мас-рестлингийн ДАШТ (8-р сарын 1-3): Олон Улсын Мас-рестлингийн Холбоотой хамтран Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг анх удаа Монголд, АРА Комплекст зохион байгуулна. Энэ нь наадмын нэр хүндийг олон улсад таниулах түүхэн үйл явдал болох юм.
- Монгол, Солонгосын соёлын өдрүүд (7-р сарын 11-13): Монголын домогт KIWI, GALA, Wasabies хамтлагууд эргэн нэгдэж, DJ Miu, DJ Asuri нарын хамт K-Pop, M-Pop-ын гайхамшигт тоглолтыг бэлэглэнэ.
Монголын рок, поп, хип хоп одод нэгэн дор:
- АРА Амьд хөгжмийн фестиваль (7-р сарын 18-20): Монголын рокын ноён оргил Никитон, Нисванис хамтлагаас эхлээд A-Sound, Lemons, Bulsara, The Royal Heartaches зэрэг 20 гаруй шилдэг хамтлаг гурван өдрийн турш амьд хөгжмийн эрч хүчийг мэдрүүлнэ.
- ХИП ХОП Фестиваль (7-р сарын 25-27): Gee, Vandebo, Mrs. M, Big Gee, Гинжин тэргүүтэй хип хоп урлагийн манлайлагчид залуусыг байлдан дагуулсан тоглолтоо хийнэ.
- Mongol Country Music (8-р сарын 1-3): America’s Got Talent шоуны од, дуучин Энх-Эрдэнэ, дуучин Baatar нарын оролцох кантри хөгжмийн наадам нь өвөрмөц, тухтай орчныг бүрдүүлнэ.
- Тунгалаг Тамир Уртын Дууны Фестиваль (7-р сарын 4-6): ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн уртын дууг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус наадамд МУГЖ Б.Батмэнд, Г.Энхбаатар, Л.Банзрагч тэргүүтэй үе үеийн шилдэг дуучид, “Хөсөгтөн”, “Язгуур” хамтлаг болон Архангай аймгийн 19 сумын дуучид, 300 авьяаслаг сурагч оролцож, язгуур урлагийн их өргөөг нээнэ.
Адреналин ба адал явдал:
- Авто спортын наадам (8-р сарын 1-3): Дрифт, Драг, Ралли, Оффроад гэсэн дөрвөн төрлөөр Монголын шилдэг тамирчид хурд, хүчээ сорих автомото спортын наадам зохион байгуулагдана.
- Бусад: АРА Цамхаг, Зиплайн, Солонгон гулсуур, Пэйнтбол зэрэг нэмэлт хөтөлбөрүүд наадмын турш үйлчилнэ.
АРА ФЕСТ 2025 өдөр тутмын арга хэмжээний хувьд:
“АРА ФЕСТ” 2025 нь зөвхөн томоохон хөтөлбөрүүдээр хязгаарлагдахгүй. Наадмын талбарт байрлах “АРА Комплекс” нь ирсэн зочин бүрд өдөр бүр нээлттэй байх олон төрлийн нэмэлт хөтөлбөр, үйлчилгээг санал болгож байна. Зочид үндсэн хөтөлбөрүүдийн завсраар болон хүссэн үедээ Авто спортын наадам (Дрифт, Драг, Ралли, Оффроад)-ыг сонирхохоос гадна дараах адал явдлуудад оролцох боломжтой.
- “АРА Цамхаг”-т гарч, өндрөөс буух “Зиплайн”, “Солонгон гулсуур”-аар гулгах.
- Найз нөхдөөрөө “Пэйнтбол” тоглож, багаараа өрсөлдөх.
- 100 монгол гэртэй “Гэр кэмп”-д болон орчин үеийн унтлагын капсулд байрлан тав тухтай амрах.
Энэхүү дэд бүтэц, нэмэлт хөтөлбөрүүд нь наадмыг жинхэнэ амралт, зугаалгын цогцолбор болгож байгаа бөгөөд оролцогчдын тав тухыг хангах зорилгоор орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжийг шинээр ашиглалтад оруулж байна.
Б.Хүслэн