
МАН–ын Удирдах зөвлөл хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа сайд нарынхаа талаар танилцуулга хийлээ.
Хуралдааны талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ,
“Сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг МАН–ын Удирдах зөвлөл олон талаас нь хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндэс Ерөнхий сайдын бүрэн эрхийг хүндэтгэж дэмжлээ.
Ерөнхий сайд Удирдах зөвлөл дээр танилцуулахдаа хэд хэдэн зарчмын зүйлүүдийг хэлсэн. Нэгдүгээрт өнөөдрийн дэлхий нийт, олон улсад болж байгаа нөхцөл байдал үүнийг дагаад Монголд ирж байгаа эдийн засгийн асар их хүндрэл бэрхшээлүүд манай гол экспортод гарч байгаа хүндрэлүүд.
Үүнийг дагаад төсвийн болон улс орны нийгэм эдийн засгийн амьдрал дээр ирж байгаа хүндрэлүүдийг бас нэг бүрчлэн ярьж, энэ агуулгаараа парламентад суудалтай намуудтайгаа хамтарч ажиллах, монголчууд бид нар энэ цаг үед нэг Монгол байж нэгдсэн бодлоготой хамтдаа асуудлуудыг энэ хүнд цагийг хамтдаа туулах нь зүйтэй гэсэн саналаа хэлсэн.
Энэ дагуу МАН–ын Бага хурлын 6 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өмнө нь хамтарч ажиллаж байгаад гэрээ зөрчсөн намаас бусад намуудтай Засгийн газраа байгуулж болох талаар чиглэлийг бас намын даргад, Ерөнхий сайдад өглөө. Ерөнхий сайд энэ удаагийн Засгийн газраа байгуулахдаа бүтэц бүрэлдэхүүний хуульд өөрчлөлт оруулахгүйгээр, нөгөө талаасаа цаг хугацаа, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал шаардаж байгаа учраас бүтэц, бүрэлдэхүүний нөхцөлийг өнөөдрийнхөөрөө аваад явъя аа.
Гэхдээ одоо орж ирэх төсвийн тодотголтой хамт бүтцийн өөрчлөлтөө оруулж ирээд бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөлт хийгээд явна. Тийм учраас Үндэсний хороод толгойлж байсан сайд нарыг томилохгүй явахаар шийдвэр гаргасан. Нэг ёсны бүтэц, бүрэлдэхүүний хууль батлагдаад төсөв батлагдахтай зэрэгцээд энэ сайд нарын орон тоо хасагдана гэсэн үг.
Парламент суудалтай улс төрийн намууд бол улс орны нийтлэг эрх ашиг өнөөгийн үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн байдал, олон улсын нөхцөл байдлыг ойлгож энэ улс орныхоо төлөө хийх ажилдхамтарч ажиллах байх. Ийм агуулгаар өчигдөр Үндсэн хуульд олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд парламент суудалтай 3 намд хүсэлт хүргүүлснээ бас Удирдах зөвлөл дээр Ерөнхий сайд танилцуулсан.
Тухайн намууд асуудлаа өөрийнхөө зохих шат шатны хурлаараа хэлэлцэж шийдвэрээ Ерөнхий сайдад ирүүлэх байх аа гэж бодож байна. Сайд нарын хувьд Ерөнхий сайд хэлэхдээ УИХ–аар баталсан 2024-2028 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт өөрчлөлт оруулахгүй. Тиймээс мөрийн хөтөлбөр, мега төслүүд зэрэг улс орны нийгэм эдийн засгийн амьдралыг сайжруулах томоохон асуудлыг шийдвэрлэх хүрээнд асуудлаа мэдэх зарим сайд нар бол үлдээж байгааг бас хэлсэн.
Яагаад гэхээр бид нарт хүн сольж, сандал ширээ зөөж, нэр ус солих шаардлага өнөөдөр байхгүй. Тийм учраас Ерөнхий сайдын тавьсан энэ зүйлүүдийг МАН–ын Удирдах зөвлөл өнөөдөр дэмжиж цаашдаа процессын дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ–ын чуулганд танилцуулаад асуудлаа шийдээд явна” гэлээ.