
2025 оны Үндэсний баяр наадам болоход дуншсан нэг сарын хугацаа үлдлээ. Энэ хугацаа бол бөх сонирхогчдыг хамгийн их догдлуулж, цагаахан талцуулдаг үе. Өөрийн дэмждэг, нутаг нугын бөхөө түрүүлнэ хэмээн хүлээдэг өдрүүд гэсэн үг.
Тэгвэл urug.mn сайт хэн түрүүлэх вэ гэсэн асуулт тавилаа.
ХЭН ТҮРҮҮЛЭХ ВЭ? УНШИГЧ ТА Ч БАС ТААМАГ ДЭВШҮҮЛНЭ ҮҮ?
Мөн цаашилбал түрүүлэх магадлалтай бөхчүүдийг чансааны хувьд шинжилж үзэгч олны дэмжлэгтэй уялдуулан гаргаж үзлээ.
ОРГИХЫН ХАНГАЙ ДАЯН
“Худгийн цээлийн энгэрт
Хувилгаан Солонго татав
Хурмаст тэнгэр ивээж
Босоо заяаг тэтгэв
Яаж төрсөн, гэхээрээ ийм сайхан юм бэ
Яргай зандан модоор урлачихсан мэт гоёхон юм бэ” гэдэг шиг цагийг эзэлсэн аварга гэвэл яалт ч үгүй О.Хангайг хэлнэ. Тухайн жилийн өнгийг тодорхойлдог Сар шинийн барилдаанд О.Хангай аварга түрүүлсэн. Түүнээс хойш өргөөний барилдаанд хэдэнтээ зодоглож босоо гэдгээ ч дуулгасан. Онцолбол М.Лхагва арслангийн нэрэмжит барилдаанд өрсөлдөгч байж болохуйц бөхчүүдээ амлаж аваад л дарчихаж байгаа харагдсан. Түүний хамгийн том өрсөлдөгч бөх гэгдэх Улсын арслан Б.Орхонбаярыг амлаж аваад мордоод л дайрчихсан. Тэр мэдээж сануулга байсан биз ээ. Харин Б.Орхонбаярын араас Дархан аварга .Батсуурь О.Хангайг амлаж авахад тэр мөн л аваад залчихсан.
МҮБХ-оос гаргадаг чансааны эхний таван байрт тэр босоо хэвээрээ байгаагаас харвал энэ жилийн Үндэсний их баяр наадамд О.Хангай цолоо ахиулж даян болж тун магадгүй.
ХЭНТИЙН ПАНДА АВАРГАЛАХ УУ?
Дөрөвдүгээр сарын 19-нд болсон улсын аварга М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаанд орж ирэхэд нь өргөөний үзэгчид тэр аяараа уухайлан хүлээж авч байлаа.
Нөгөө талаас олон жил барилдаагүй өнжсөн Э.Оюунболдыг насны хувьд боломжгүй гэж үзэх хүмүүс гарч ирж байна. Гэтэл тэр 1993 онд төрсөн. Бага залуугаасаа тодорсон болоод л бидэнд “өвгөрчихсөн” мэт санагдаад байгаа юм. Бусдаар түүний үеийнхний хувьд энэ жил эд үе нь. Тухайлбал О.Хангай 1990, Улсын заан Б.Бат-Өлзий 1992, Н.Батсуурь 1987 он гэх мэтчилэн үеийнхэн нь хариагүй байгаа. Тэгэхээр түүнийг жинхэнэ аварга болоход байг гэх газар үгүй. Ингэж чадвал Хэнтийгээс Панда аварга төрөх нь ээ. Мэдээж наадмын өмнөх бэлтгэл сургуулилт чухал
ОЛНЫ АМ Б.ОРХОНБАЯРЫГ АВАРГА БОЛНО ГЭЖ БАЙНА
“ТУНАХ САЙХАН, ТУНААД ДАВАХ САЙХАН” Ц.БЯМБА-ОТГОН
Гэхдээ түүний хувьд “орон гаран бөх”. Үнэхээр тухайн өдрийн од нь гийчихсэн явбал ямар ч бартаагүйгээр түрүүлж мэдэх, утга учиргүй зүүн ташаагаа шидээд байвал доогуур даваанд нисэж мэдэх тийм л бөх. Ямартай ч шөвгийн 16-д тэр зогсож байх нь лавтай.
БААВГАЙ ЗААН Б.БАТ-ӨЛЗИЙ
Арслан цолыг нь гуйж биш гуядаж, аархаж авна гээд л шазуураа зуучихсан яваа болов уу. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий болбоос Монгол бөхийн өргөөний барилдаанд 32 удаа түрүүлсэн ажилттай явна. Тухайн жил бэлтгэл сургуулилтаас л хамаарч хазайна уу гэхээс бусдаар түүнийг хазайлгах баавгай ч байхгүй. Үндэсний бөхийн тамирчдаас хамгийн бяртай гэгдэг Б.Бат-Өлзий заан өгөөгүй л болохоос арслан цолыг нь аль хэдийн авчихсан шүү дээ. Ингээд бодохоор тэр шөвгөрөх бөхчүүдийн тоонд зүй ёсоор орно.
ДАРАВЧ ДАЛДАЙЖ, БУЛАВЧ БУЛТАЙСАН GENZ ҮЕИЙН БӨХЧҮҮД
ҮЗҮҮРЛЭХ БӨХ Э.БАТМАГНАЙ
Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Монгол Улсын начин Э.Батмагнай үзүүрлэнэ. Тэр одоо чансааны хоёрдугаарт 1300 оноотойгоор эрэмбэлэгдэж байна. Эртэй, бяртай, уртай, хурдтай энэ бөхийг доогуур даваанд амлаж барилдах том цолтон юу л бол. 2024-2025 оны өргөөний барилдаанд ч гэсэн тэр өөрийгөө харуулаад амжсан. Энэ жилийн баяр наадамд тэр үзүүрлэнэ. Хашир аварга О.Хангай л түүнийг торгоох болов уу.
ДЭЛХИЙН БӨХ М.ЛХАГВАГЭРЭЛ
Олимп, дэлхийн тэмцээн зэрэгцээгүй л бол Завханы Яруугийн хүү Улсын Заан М.Лхагвагэрэлийн бэлтгэл сургуулилт жимбийсэн байх учиртай. Чөлөөт суурьтай, арга мэх ов заль ихтэй энэ мөх ямартай ч шөвгийн 16-д байх нь ойлгомжтой. Түрүүлэхийг ч үгүйсгэхгүй. Гол нь хэнийг амлаж, хэнд амлуулах вэ л гэдэг байна.
АРХАНГАЙН НУУЦ ЗЭВСЭГ С.СҮХБАТ
Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын С.Сүхбат. Архангайнхан түүнийг салхи авхуулахгүй нэг л дараад байгаа бололтой. Үндэсний их баяр наадмаар л хамаг буугаа тавих вий гэсэн эргэлзээ байна. Түүндээ ч хүрч магадгүй.
Түүхийг эргэн санавал 2000 онд Агваансамдангийн Сүхбат анхны түрүүгээ хүртэж, арслан цол авч байлаа. Тэр жилийн наадмаар А.Сүхбатын түрүүг бэлгэдэж, бас наадмын өмнө төрсөн нуган үрээ бөх болохыг ерөөж бөхийн үнэнч дэмжигч Сүхбаатар гуай хүүдээ Сүхбат хэмээн нэр хайрлажээ. Өнөө жил энэ бэлгэдэл, түүх биеллээ олж ч мэднэ.
БААРАГГҮЙ УЛСЫН ЦОЛТНЫ БОСГО АЛХАХ БӨХЧҮҮД
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож
Архангай аймгийн Тариат сумын харьяат, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат С.Доржпалам
Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар
Хөвсгөлийн хөөрхөн М.Баасанжав
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Ш.Отгонтөгс нар улсын цолны болзол хангана.
МАРТАЖ БОЛОХГҮЙ Н.БАТСУУРЬ ДАРХАН
Ямартай ч шөвгийн 16-д зогсож байх болон, найдвартай улсын цолны болзол хангах бөхчүүдийг нэрлэлээ. Уншигч та ч мөн адил өөрийн таамгаа дэвшүүлж, бидэнтэй хуваалцаарай.