
Шил шилээ даран Монголд ирж буй Солонгосын одууд. Одоо ч бараг “Blackpink”, “BTS” л Монголд ирэх дутуу байна. Жилд БНСУ-аас одууд ирж, томоохон хэмжээний хоёр ч тоглолт хийгээд буцаж байна. Сүүлийн хоёр жилийн жишээг дурдахад:
- 2024 оны хоёрдугаар сард Ким Хён Жун, MC SNIPER, BLOO нар
- 2024 оны есдүгээр сард Rain, “2ne1” хамтлагийн гишүүн Сандара Пак буюу Дара, Bloo нар
- 2025 оны хоёрдугаар сард “Mamamoo” хамтлагийн гишүүн Hwasa ирсэн байна.
- 2025 оны зургадугаар сарын 21-нд Ailee, “Big Bang” хамтлагийн гишүүн, TAEYANG нар ирэх гэж байна.
Нэг талаараа БНСУ-ын томоохон одод Монголыг “тоож” ирж буй нь сайхан ч, тэдний хэд нь монгол хоол, хүнсийг сурталчлав. Хэдэн жуулчин монгол руу татав. Энэ бол эхний асуулт. Та анзаараад үзээрэй. Солонгос хоолны газрууд Монголд борооны дараах мөөг шиг болсон. Дэлгүүрийн лангуунаас 10 бараа барьж аваад үзэхэд дор хаяж гурав нь солонгос бичигтэй байгаа болов уу. Тэд зөвхөн урлаг соёлоороо биш хоол, хүнсний соёл биднийг аажим аажмаар эзэлсээр. Солонгос жуулчид Монголд ирэхээрээ солонгос хоол, хүнс, бүтээгдэхүүнээ хэрэглэж байгаад л буцдаг нь тэдний цахим хуудаснаа хуваалцсан стори, зураг сэлтнээс нь нэвтэрхий харагддаг.
Одоо хэдүүлээ нэг тоо бодож үзэцгээе. Төв цэнгэлдэх хүрээлэнд ойролцоогоор 20-25 мянган хүн багтах боломжтой. Нэг тоглолтод 20 мянган хүн ирнэ гэж тооцвол тасалбарынх нь орлого 4 тэрбум төгрөг хол давж байна. Тасалбарын орлогын 50 хувь нь дор хаяж өнөөх зочин, гийчний төлбөрт явж таараа. Үүн дээр нэмээд солонгос шар айраг, сөжүнд нь хэдэн төгрөг үрэгдэж буй бол. Хоёр дахь асуулт бол энэ.
Саяхан Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “Болор цом” тоглолтын үеэр шар айраг борлуулж буй цэгт зөвхөн карт уншиж байсан учир 10 минутын дотор нэг хүний дансаар 2 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн жишээний бодит гэрч байна. Тэгэхээр энэ мэт томоохон тоглолтуудын ард монголчууд бид хамаг мөнгөө гадагш нь, тэр дундаа солонгос руу урсгачихдаг юм уу даа гэж хардаж болохоор. Бид өөрсдийгөө ядуу гэж тодотгодог ч яг үнэндээ солонгосын одод хамаг мөнгөө ганзагалуулаад буцаадаг бололтой дог. Оддын шоуны араас бодох, өөрсдөөсөө асуух дараагийн асуулт бол “ХЭН ТӨЛЖ, ХЭН ХОЖДОГ ВЭ?”.