
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Чуулганы хуралдаанд 117 гишүүн оролцож, 110 гишүүн Г.Занданшатарыг дэмжсэн тул тэрбээр ийнхүү Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдлоо.
Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулсан. Ерөнхийлөгчийн санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын 68 гишүүн асуулт асууж, хариулт авсан.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Пүрэвдорж, Б.Түвшин, Г.Лувсанжамц, Д.Рэгдэл, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл, С.Замира, Б.Батбаатар, Б.Жаргалан, Х.Тэмүүжин, Э.Болормаа, П.Наранбаяр, Л.Мөнхбаясгалан, Х.Баасанжаргал, О.Саранчулуун, Б.Заяабал, О.Цогтгэрэл, Д.Ганбат, Р.Эрдэнэбүрэн, Ж.Баярмаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ богино хугацаанд олон ажлыг амжуулж, асуудал бүрийг шийдвэрлэх боломжгүй ч нэн тэргүүнд нийгмийн даатгалын шимтгэл, татварын хувь хэмжээг багасгах, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, авлига, хээл хахуулийн эсрэг зоримог, шийдмэг, үр дүнтэй тэмцэх, эрүүл мэнд боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ.
Мөн цомхон чадварлаг танхимыг бүрдүүлж, үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг бодитоор хэрэгжүүлэх, ингэхдээ төрийн бүтцээс гадна төсөл, арга хэмжээний давхардлыг тодорхойлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, үр дүнтэй ажиллах, нийгмийн тодорхой асуудалд зарцуулж байгаа хөрөнгө оруулалт, татаас, төсөл, арга хэмжээний зардлыг салбар салбараар нь нэгтгэж олон нийтэд ил болгох, хот байгуулалтын салбарыг ч нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоонд шилжүүлэх, нийслэлийн утааг бууруулахад бодлогын томоохон өөрчлөлтийг хийх шаардлагатай байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Өнөөдөр /2025.06.13/ шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барьж батлуулна.