
ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтэй хэд хэдэн удаа уулзаж байсан Монгол улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн кампанит ажлын үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа огцорчээ.
АНУ-д боловсрол эзэмшсэн хүмүүнлэгийн ажилтан асан, В. Путиныг шүтдэг армийн экс хурандаа хоёр стратегийн чухал ач холбогдол бүхий Монгол улсын төрийг гартаа атгахын төлөө хэдэн долоо хоногийн турш далд тэмцэлдэж, эцэст нь ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтэй хамгийн сүүлд өнгөрсөн 5-р сард уулзсан Ерөнхийлөгч У. Хүрэлсүх ялалт байгуулжээ.
Монголын зэвсэгт хүчний хурандаа асан тэрээр өөрийн эрх мэдлээ ашиглан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаас нь огцруулжээ. The Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Л. Оюун-Эрдэнэ, “Ямар ч төлөвлөгөө, ямар ч алсын хараагүй зөвхөн улс төрийн эрх мэдлийн төлөө тэмцэлдэж буй хүмүүс манай улсын хөгжилд сөргөөр нөлөөлж, хойш татаж байгаад харамсаж байна. Дараа дараагийн алхмуудыг зөв хийж байж парламентын ардчилал бат бөх бөгөөд тогтвортой байх болно.” гэв. Берлины хана нурсны дараахан 1990 онд ЗХУ-ын дагуул Монгол улс тайван хувьсгалын замаар 70 жил ноёрхсон коммунист дэглэмийг унагаж, өнөөгийн парламентын засаглалтай, эрх чөлөөт нээлттэй улсын эхлэлийн тавьжээ.
2021 онд Монгол Ардын намаас Монгол Улсын Ерөнхий сайдад томилогдсон 44 настай Л. Оюун-Эрдэнэ нь Харвардын их сургуулийг төгсөж, Америкийн Дэлхийн зөн байгууллагад ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Их Британийн газар нутгийг 6 дахин томруулсантай тэнцэх газар нутагтай ч Ирландаас ч бага хүн амтай Монгол улс нь Орос, Хятад хоёр том гүрний дунд хавчуулагдсан, далайд гарцгүй ардчилсан орон билээ. ОХУ-ын газрын тос, байгалийн хийн импортоос хамааралтай тус улсын нүүрс, ашигт малтмал, ноолуурын хамгийн том импортлогч нь БНХАУ юм.
Түүнчлэн тус улсын хамгийн том зэсийн уурхайг Австралийн Рио Тинто компани эзэмшдэг. Монгол улсын арми нь хөрш хоёр гүрний томоохон халдлагын эсрэг зогсох хүчин чадалгүй бөгөөд Зүүн Азид тусгаарлагдсан тус улс Украин шиг зэр зэвсгийн тусламж хүлээн авах боломжгүй юм. Өнгөрсөн 5-р сард Москва хотод болсон Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярын жагсаалд Монгол улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх оролцсон билээ. 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон У. Хүрэлсүх Олон улсын эрүүгийн шүүхийн захирамжийг үл харгалзан 2024 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путиныг Монгол улсад хүлээн авснаараа Украины хатуу шүүмжлэлд өртсөн билээ. Монгол Улс нь ОУЭШ-ийн Ромын гэрээнд нэгдсэн улс орнуудын нэг бөгөөд ОУЭШ-ийн захирамжийг дагах үүрэгтэй юм.
Тэгвэл ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалыг тухайн Л.Оюун-Эрдэнэ эсэргүүцэж байжээ. Гэр бүл нь авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй явдлаас болж иргэдийн эсэргүүцлийн жагсаалтай нүүр тулж, үр дүнд нь Монгол улсын парламент Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хурааж, Л. Оюун-Эрдэнийн засгийн газрыг огцруулсан билээ. Монголын засгийн газрын адбан тушаалтнууд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн явуулж буй кампанит ажлын хохирогч гэж үзэж байна. Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Л. Оюун-Эрдэнийг унагаснаар өөрийн хүнийг Ерөнхий сайдаар томилж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа сунгаж, эрх мэдлийг дангаараа атгахаар төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн даваа гарагт Монгол Ардын нам Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн ойрын хүн, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г. Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ. Л. Оюун-Эрдэнэ түүнийг авлигын хэрэгт холбож байгаа нь нэр төрийг нь унагах гэсэн кампанит ажлын үр дүн хэмээн, гэм буруугүй болохоо онцолжээ.
Монгол Улсын төрийн эрх мэдлийг парламентын гишүүдийн олонхын саналаар томилогдож, засгийн газрыг бүрдүүлдэг Ерөнхий сайд, ардчилсан сонгуулиар сонгогдож, зэвсэгт хүчнийг удирдаж, шүүгчдийг томилдог Ерөнхийлөгч хоёр дундаа хуваадаг. Монгол улсын Үндсэн хуульд тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан бол дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэж заасан байдаг ч 56 настай У. Хүрэлсүх олон жилийн турш Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчөөр улиран сонгогдохоор хичээж буй талаар, үүнийг нь Л.Оюун-Эрдэнэ тууштай эсэргүүцэж ирсэн тухай эх сурвалжууд онцолж байна.
Гэвч Л.Оюун-Эрдэнийн 23 настай хүү Тэмүүлэнгийн сүйт бүсгүй нийгмийн сүлжээгээр тансаг брэндийн үнэт эдлэл, цүнх, Мерседес Бенц автомашин зэргээ гайхуулж, нийтэлсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, Ерөнхий сайд өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар баяжсан хэмээн үзэхэд хүргэж, залуус төв талбайд гарч, Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардан жагсжээ.
Л. Оюун-Эрдэнэ хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулж байгаа гэдгээ онцлон, “Энэ бол зөвхөн залуусын санаачилсан жагсаал биш юм. Залуусын зарим нь органикаар жагсаж байгаа ч жагсаалыг санаатайгаар зохион байгуулсан нь гарцаагүй юм. Энэ бол миний хүүг ашиглан миний нэр төрийг унагах гэсэн кампанит ажил юм.” гэв.
Л. Оюун-Эрдэнэ стратегийн ордуудын 34 хувийнх нь ашгийг үндэсний баялгийн санд хуримтлуулах санаачилгаараа олон тооны хүчирхэг дайснуудтай болсон хэмээн эх сурвалжууд онцолж байна. Орлогоо нотлохыг шаардсан иргэдийн жагсаал нь зохион байгуулалттай байсан гэх баримт нотолгоо байхгүй ч уг жагсаал нь Ардчилсан намыг засгийн газраас гарахад, цаашлаад Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрыг унахад хүргэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: https: THETIMES