
Өнгөрсөн долоо хоногт /2025.05.31/ Төв цэнгэлдэх хүрээлэнд реппер “113″-ын “Зуны зугаа” шоу тоглолт болж, гурван иргэн хутгалуулсан хэрэг гарсан. Мөн түүнээс гадна залуучууд нэгнээ зодож танхайрах, зочин уран бүтээлчээ шанаадах зэрэг асуудлууд гарав.
Энэ мэтчилэн гэмт хэргийн шинжтэй 35 дуудлага мэдээлэл цагдаад бүртгэгджээ.
ЭХЭНД: “ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НОХОЙН БААС БАЙСАН”
Уг шоу тоглолтын маргааш уран бүтээлч, яруу найрагч Б.Галсансүхийг тайзан дээр шүлэг дуудаж байх үед нэгэн залуу гарч ирэн микрофоныг нь булаах гэж оролдсоноор зодолдож буй бичлэг цахим орчинд гарч ирсэн билээ.
Бид энэ талаар Б.Галсансүхээс тодруулахад дараах хариултыг өглөө: Тэрбээр “Зохион байгуулагч нарын “та энэ шүлгүүдээ уншаарай” гээд сонгож хэлсэн 5 шүлгийг уншиж дуусаагүй байтал надад оногдсон цаг нь дууссан шиг юм билээ. Тэгээд л найруулагч нар хамгаалалтынханд Галсаа ахыг тайзнаас буулга гэж л дээ. Сандарсан хамгаалалтын залуу шүлэг уншиж дуусаагүй байхад шууд микрофон булаах гэж оролддог л буруу шүү дээ. Гараараа дохиод эсвэл нэг шүлэг уншиж дуусахад таны шүлэг унших хугацаа хэтэрчихлээ ч гэдэг юм уу. Аятайхан хэлчихгүй.
Хан-Уул дүүргийн цагдаагаас ярьж байсан. Гомдол саналгүй гэдгээ хэлчихсэн” гэв.
Мөн энэхүү өдөр “Зуны зугаа” үзсэн үзэгч М.Балгансүрэн “Зохион байгуулалт нь нохойн баас байсан. Хамгаалагчид нь хүртэл хүн зодох гээд байсан шүү дээ. Тэр орой амьд харьсан даа л баярласан даа. Бурхан минь. Тоглолт үзсэн ч юм байхгүй. Би лав мөнгөө буцааж авмаар байна. Зуны зугаад гомдсон залуусын нэгдсэн холбоо байгуулдаг юм уу. Яадаг юм.
Дараа дараагийн тоглолтууд ч гэсэн энэ асуудал дээр сайн анхаарахгүй бол монголоор дүүрэн сэтгэцийн эмгэгтэй залуучууд байна шүү” гэлээ.
ХЭРГИЙГ ДАРАХ ГЭЖ ОРОЛДСОН УУ…
Манай редакцад “Зуны зугаа шоуныхан гарсан мэдээллийг дарах гэж оролдож байна” гэх гомдол ирэв. Мөн зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудад ч гэсэн “мэдээллээ устгаад өгөөч” гэх агуулга бүхий харилцаа холбоо ирсэн талаарх мэдээллүүд байна.
Уг нь энэ талаар шоу зохион байгуулсан уран бүтээлчдээс тодруулах гэсэн боловч цахим хуудсаа хааж, утсаа унтраасан байлаа.
ХОХИРОГЧИЙН АХ: Хэн нэгэн гомдлоо татаач гэсэн санал ирээгүй. Дүүгийн маань хөл хавдартай байгаа
Нэг бол царайгаа нууцална. Эсвэл тодруулга өгөхгүй гэсэн тул түүнийг Г гэе. Тэрбээр “Манай дүүгийн хутгалуулсан шарх нь одоо ч хавдартай байна. Хөлөө чирээд л явж байгаа. Орчин үед чинь залуус зүгээр л хутга гаргаж ирээд хүн хутгалж тоглодог болчихсон юм уу. Манай дүүгийн сэтгэл санаа маш их айдастай байгаа.
Цагдаагаас сэжигтнийг олж тогтоосон гэсэн боловч одоогоор яг хэн нь хутгалсан энээ тэрээ гэсэн юм нь тодорхой болоогүй байна. Зохион байгуулагчдын зүгээс ч гэсэн хандсан юм алга.
Хоёрдугаарт гэвэл гомдлоо татаач энэ тэр гэсэн санал ирээгүй. Тийм санал ирсэн ч хүлээж авахгүй. Хэрвээ манай дүү тухайн үедээ цус алдаад үхсэн бол яах байсан юм бэ. Гэтэл зохион байгуулагчдаас ганц уучлаарай гээд хэлчихгүй гүрийгээд байгаад гомдолтой байна. Бараг буцаад зүгээр тоглолт үзэх гээд гарсан дүүгийн маань буруу болж таарах нь л дээ. Гайхаж байна.
Манай дүү хамгийн гол нь эмэгтэй хүүхэд. Тэгж хүн амьтан өдөж, маргах хүн биш. Зүв зүгээр байсан хүүхдийг хутгалаад яваад байна гэхээр бодоод ч толгойд орохгүй байна. Хэрэвзээ гомдлыг маань нааштайгаар шийдэхгүй бол цагдааг ч тэр худалдагдсан гэж үзээд тэр үед нэр нүүрээ гаргаж байгаад заргалдана.
Мөн тэр уран бүтээлчид, зарим үзэгч залуучууд хар тамхи хэрэглэж мансуурсан байсан гэсэн. Тэр нь ч гэсэн үнэний ортой гэж бодож байна. Яаж зүв зүгээр эв эрүүл хүн хэнтэй ч маргаан өдөөгөөгүй байж хүн хутгалаад гүйгээд явах юм бэ” гэлээ.
Харин хар тамхитай холбоотой асуудалд реппер 113 цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийгээд байсан билээ. “Хар тамхи хэрэглээгүй. Удаан бэлдсэн ажил дээрээ юу гэж хар тамхи хэрэглэх вэ. Шинжилгээ авсан, юу ч гараагүй” хэмээсэн билээ.
ЦЕГ: Хохирогч, сэжигтний тоо нэмэгдээгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Харин энэ хэргийн талаар албаны эх сурвалж болох ЦЕГ-аас тодруулахад “Тухайн өдөр бусдын биед халдсан, танхайрсан гэх 35 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс ноцтой буюу бусдын биед хутга, мэсний зүйлээр гэмтэл учруулсан гурван хэрэг бүртгэгдээд байна. Тус гэмт хэргийг үйлдсэн этгээдийг олсон, шалгалт үргэлжилж байна. Одоогоор сэжигтэн болон хохирогчдын тоо нэмэгдээгүй. Мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.” гэв.
Харин хар тамхитай холбоотой шинжилгээ авсан талаар мөн лавлахад “Реппер 113 болон өөр хэдэн хүнээс авсан. Шинжилгээний хариу гараагүй байгаа” гэдгийг онцолсон юм.
Төгсгөлд: Зочин уран бүтээлч болон үзэгчдийн хувьд “Зуны зугаа” тоглолтын зохион байгуулалтыг маш муу болсныг хэлж байна. Харин хутга мэсэнд өртсөн иргэдийн хувьд яриа өгөхгүй гэсэн байр суурийг илэрхийлээд буй. Нөгөө талаас зохион байгуулагчдын зүгээс ч гэсэн нэг ч удаа ам нээхгүй байгаад хохирогчид гайхаж байна. Харин хар тамхитай холбоотой шинжилгээний хариу гарсан гэдгийг зохион байгуулагч уран бүтээлч цахим хуудастаа бичсэн бол цагдаагаас шинжилж байгаа гэсэн хариулт өгсөн нь мэдээллийн зөрүүтэй байдал үүсгэлээ.