
Германы “Рейн Рур” бүс нутагт 40 хоногийн дараа Дэлхийн оюутны спортын наадам эхэлнэ.
Монголын оюутны шигшээ баг 9 спортын төрөлд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэж байна.
Герман Улсын Рейн Рур бүс нутагт 2025 оны 07 сарын 16-27-нд болох дэлхийн оюутны спортын зуны XXXIII наадам болно. Уг наадамд Монгол Улсаа төлөөлөн ширээний теннисний спортын төрлөөр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, гадаадын мэргэжилтэн дасгалжуулагчаар Ким Хёон Сео, эмэгтэй тамирчнаар Ө.Балжинням, Б.Болор-Эрдэнэ, Э.Намуунбайгаль, Б.Эгшиглэн нар эрэгтэй тамирчнаар М.Манлайжаргал, Ч.Мөнхтулга, М.Тэмүүлэн, М.Энхмэнд нар шалгаран, оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Монголын ширээний теннисний оюутны баг тамирчид дэлхийн Универсиад наадамд 2001 оноос эхлэн оролцож ирсэн түүхтэй.
Бид Дэлхийн оюутны Универсиад наадамд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх баг тамирчдын бэлтгэл сургуулилт дээр зорьж очин, цувралаар мэдээллээ бэлтгэн хүргэж байна. Энэ удаад оюутны шигшээ багийн ширээний теннисний төрлийн багийн бэлтгэлийг зорин очлоо.

Ширээний теннисний багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох: “Рейн Рур-2025” Универсиад наадамд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцоно


-Дэлхийн оюутны универсиад наадамд оролцохоор Монголын оюутны ширээний теннисний шигшээ баг бэлтгэл сургуулилтдаа гараад одоо жигдрээд явж байна. Одоо универсиад наадам маань 7 дугаар сарын 16-нд нээлтээ хийнэ. Бид бүхний оролцох тэмцээн эхлэхэд 40 хоног үлдсэн. Тэгээд энэ удаагийн тэмцээнд манайх эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа. Энэ багийн бүрэлдэхүүнд манай туршлагатай тамирчид буюу Олимпын наадамд оролцож байсан Болор-Эрдэнэ эмэгтэйчүүдээс, мөн эрэгтэйчүүдээс ҮБТДС-ийн Тэмүүлэн нар ерөнхийдөө багаа ахалж орохоор ингээд бэлдээд байж байна.
Тамирчид маань ганцаарчилсан төрөлд өмнөх амжилт гэвэл шилдэг 32-т шалгарч байсан. Мөн багийн төрөлд шигшээ 16-д шалгарч байсан ийм амжилттай. Бид энэ амжилтыг ахиулах гол зорилготой байна. Бидний бэлтгэл сургуулилт бас сайн хангагдаж байгаа. Дээрээс нь сүүлийн 3 жил манай ширээний теннисний холбоо БНСУ-ын мэргэшсэн дасгалжуулагчийг шигшээ багтаа болон болон оюутны шигшээ баг, өсвөрийн шигшээ багуудад ингээд авчирч ажиллуулаад, хүүхдүүдийн бэлтгэл бас тамирчдын бэлтгэл харьцангуй сайжирч байгаа.


Ширээний теннисний багийн ахлагч Б.Болор-Эрдэнэ: Бид Универсиадад ганцаарчилсан болон баг, хосын гээд бүх төрөлд өрсөлдөнө
-Миний хувьд энэ удаагийн оюутны универсиад наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох гэж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд тэмцээндээ зориулаад бэлтгэлээ өдөр болгон тогтмол хийж байгаа. Манай шигшээ багуудад БНСУ-ын мэргэжилтэн бид нарт өмнө нь Кам Кан Дун Хун гээд багш 2 жилийн хугацаанд хичээллэж байсан.
Тэгээд одоо Ким Хён Со багшийн хувьд энэ жил ингээд 3 дахь жилдээ бид нарыг дасгалжуулаад, хамт бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна. Миний хувьд мэдээж 2028 оны олимпод оролцох мөрөөдөлтэй, зорилготой. Тэгээд мэдээж одоо дэлхийн оюутны универсиад наадамдаа Монгол Улсаа төлөөлөөд оролцохоор болчихсон. Ингээд ганцаарчилсан, баг болон хосын бүх төрөлд тоглохоор байгаа. Мэдээж өөрийнхөө бүх зүйлээ дайчлаад аль болох сайн тоглож өрсөлдөхийг хичээнэ.


Ширээний теннисний багийн ахлагч М.Тэмүүлэн: Оюутны Универсиад наадамд хоёр дахь удаагаа оролцоно
-Би 24 настай. Намайг Тэмүүлэн гэдэг. Монгол Улсын ширээний теннисний оюутны шигшээ багийн ахлагч, тамирчин байна. Оюутны универсиад наадамд хоёр дахь удаагаа оролцох гэж байна.
Оюутны универсиад их наадамд бэлтгэл сургуулилтаа сайн хийж, амжилт гаргахын тулд хичээж байна.
Бид нар гадны тамирчидтай тоглохын тулд ер нь өмнө нь зоондоо хоёр хожоод, нэг хожигдоод тэгээд хасагдсан байгаа. Энэ удаад бол зооноосоо гарах зорилготой. Тэгээд цаашлаад финалд илүү олон хожил авах зорилготой. Тиймээс бид нар очоод ямар тамирчидтай тоглохоосоо шалтгаалж юүтүб буюу интернэтэд байгаа бичлэгүүдийг үзэж, анализ хийн, тамирчны тоглолтын арга барилд нь судалгаа хийдэг байгаа. Тэгээд аль тал дээрээ ямар алдаатай тамирчин байна, тэр талд нь тоглодог. Илүү надад эвтэйхэн юм байна гэдэг тал дээр тоглолтын арга барилаа боловсруулдаг. Ингээд тоглохоосоо өмнө ер нь судалгаа хийж, тоглодог байгаа.


Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:
- Мяндал Тэмүүлэн /ҮБТДС/
- Мөнх-очир Манлайжаргал /Моналтиу/
- Чинтөгс Мөнхтулга /ШУТИС/
- Мөнхбат Энхмэнд /ШУТИС/


Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:
- Батмөнх Болор-Эрдэнэ /СЭЗИС/
- Өвгөнбүргэд Балжинням /МУБИС/
- Бат-Эрдэнэ Эгшиглэн /ХУИС/
- Эрдэнэ Намуунбайгаль /”Ач” АУИС/
Баг тамирчдын дасгалжуулагчаар БНСУ-ын мэргэжилтэн Ким Хён Со, манай улсаас Б.Цэрэнтогтох нар ажиллаж байна. Дэлхийн оюутны зуны Универсиад наадмын ширээний теннисний тэмцээн Герман улсын Эссен хотноо болох билээ.