
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
Гэр бүл, хөгжил, нийгэм хамгааллын сайд Л.Энх-Амгалан: НДШ-ийг 2-4 хувь бууруулж, тэтгэврийг гурван янзаар авдаг болох хуулийг өргөн барина
Тэрбээр “Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл, 14 бодлогын шинэчлэл хийхээр гэрээ байгуулсан. Бодлогын шинэчлэлийн хүрээнд хийж буй хамгийн том шинэчлэл бол татварын шинэчлэл, тэтгэврийн буюу нийгмийн даатгалын шинэчлэл байсан. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Огцорчхоод яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм гэдэг дээр иргэд шүүмжлэлтэй хандаж магадгүй. Татварын хуулийн шинэчлэл, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл бол цаг хугацаа шаардсан тодорхой эх үүсвэр шаардсан ажил байсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийхээс эхлээд бүх ажлыг явуулсны эцэст уг хуулийн төслийг өргөн барьж байна.
Анх удаа Монгол Улс татварын тогтолцооны шинэчлэл хийх гэж байна. Засгийн газраас өргөн барьж буй уг хууль батлагдвал хүн тэтгэвэрт гараад нэг эх үүсвэрээс биш олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжтой болно. Энэ хүрээнд бид нэгдүгээрт суурь тэтгэврийн тогтолцоог оруулж ирж байгаа. Өнөөдрийн байдлаар тэтгэвэр авч буй хүмүүсийн 54 хувь нь хамгийн доод хэмжээгээр авдаг. Харин цаашид суурь тэтгэвэр оруулж ирснээр манай улсад тэтгэврийн доод хэмжээ гэдэг ойлголт байхгүй болно. Одоо бол 20-оос дээш жил ажилласан бүх даатгуулагч ажилласан хугацаанаас үл хамаарч ижил хэмжээний тэтгэвэр тогтоолгодог. Тэтгэврийн доод хэмжээ гэсэн үг. Хуулийн шинэчлэлээр үүнийг өөрчилж 10-аас дээш жил НДШ төлсөн иргэн бүр ажилласан хугацаанаас үр хамаарч өндөр настны суурь тэтгэвэртэй болж байна гэсэн үг.
Тэгэхээр иргэд өндөр настны суурь тэтгэвэр, одоогийн тогтолцоо буюу төлсөн шимтгэл ажилласан жилээс хамаарч авах тэтгэвэр болон бидний өргөн барьж буй хувийн тэтгэвэр гээд цаашид иргэн гурван эх үүсвэрээс тэтгэвэр авч болох хуулийн төслийг өргөн барьж байна.
Мөн ажил олгогч нарт байгаа ачаалал болон НДШ төлж байгаа хүмүүсийн зүгээс шимтгэлийг бууруулах нь зөв гэсэн саналыг иргэд гаргаж, 100 мянган иргэн гарын үсэг зурсан.
Өнөөдрийн УИХ-д өргөн барьж буй хуулиар ажил олгогч нар дээр хоёр хүртэлх хувийн шитгэл бууруулж, хөнгөлөлтийг олгож байгаа. Харин нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэний шимтгэлийг дөрөв хүртэлх хувиар бууруулж, тэр дөрвөн хувийг нь өөрийнх нь нэр дээрх хуримтлуулах тогтолцоо руу шилжүүлэх хуулийн төслийг өргөн барьж байна.
Өөрөөр хэлбэл, НДШ-ийг бууруулаад бага тэтгэвэр авах уу. Эсвэл өөрийнхөө төлж байгаа 8.5-аас дөрвөн хувийг өөрийн бодит хуримтлал болгоод хувийн тэтгэвэр рүүгээ шилжүүлэх үү гэдэг тогтолцооны шинэчлэл хийгдэж байна гэсэн үг. Энэ шинэчлэлээр бид 14 шинэчлэлийг хийж байгаа. Энд иргэд болон ААН-үүдийн хүссэн ажлууд байгаа” гэв.