
Өнгөрөгч бямба гарагт буюу /2025.05.31/ “Реппер 113”-ын “Зуны зугаа” шоу тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Тэгвэл тус тоглолтын үеэр зодоон болж буй бичлэг цахим орчинд түгсэн. Мөн тоглолын үеэр үзэгчдийг үл таних этгээд хутгалж гэмтээсэн талаар мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Уг хэрэгт өртөн биедээ хутгалуулан гэмтэл авсан 35 дуудлага мэдээлэл ЦЕГ-т бүртгэгдсэн байгааг бид өмнө нь мэдээлсэн.
Харин өчигдөр буюу /2025-06-02/-нд ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн
ЦЕГ: “Зуны зугаа тоглолтын үеэр цагдаагийн байгууллагын 140 алба хаагч хяналт тавьж ажилласан. Тухайн тоглолтын үеэр гэмт хэрэг зөрчлийн 35 дуудлага бүртгэгдсэнээс одоогоор 22 хэрэг зөрчилд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Бид уг арга хэмжээний үеэр 10 хутга, хоёр зодооны хэрэгсэл хураан авч, 18 гээгдсэн зүйлсийг эздэд нь хүлээлгэн өгсөн. Мөн төөрсөн болон согтуурсан 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан. Тоглолт зохион байгуулагчдын зүгээс тухайн тоглолтыг 29 мянга орчим хүн үзсэн гэх мэдээллийг өгсөн” хэмээсэн юм.
Гэмтэл согог, судлалын үндэсний төвөөс тодруулахад:
Дээрх хэргийн талаар ГССҮТ-өөс тодруулахад: 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “Зуны зугаа-2025” шоу тоглолтын үеэр эмх замбараагүй байдал үүсэж, цөөнгүй иргэн тэр дундаа өсвөр насны хүүхдүүд хутгалуулсан тухай мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Тэгвэл энэ өдөр тус тоглолтын үеэр гэмтэж бэртсэн гурван хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ. Дээрх тохиолдлын хувьд 15, 16, 20 настай үйлчлүүлэгч байсан бөгөөд “Гуяны ил шархтай” гэсэн оноштойгоор яаралтай тусламж үзүүлж, харьяа дүүргийн эмнэлгийн хяналтад буцаасан байна.
Тоглолтын үеэр гурван хүн хутгалсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас барьж тогтоосон байна. Гэмт этгээдүүд 19-20 настай Ц, Г гэх эрэгтэй бөгөөд, тухайн үед архи, сотгууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Одоогоор уг тоглолтын үеэр танхайрсан хэрэгт дээрх хоёр эрэгтэйгээс гадна, 20 хүнийг холбогдуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж байгаа аж.
ЦЕГ: Тоглолтоор гурван хүн хутгалсан этгээд 19-20 настай, согтуу байсан нь тогтоогджээ