
“Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 18:00 цагаас эхлэн хэлэлцэж буй.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Хамтарсан Засгийн газрын хамтрал болон өнгөрсөн 10 сарын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, хэрэгжиж эхэлсэн ажлуудаа танилцуулж, УИХ-ын холимог тогтолцоогоор бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламентын түүхэн дэх анхны хамтарсан Засгийн газар “Алсын Хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор, улс орны эрх ашгийг намын болон хувийн эрх ашгаас дээгүүр тавьж ажилласан тухайгаа танилцууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ уг тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтээ танилцуулж, үргэлжлүүлэн Сөрөг хүчний мэдэгдлийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа.
Үүний дараа УИХ-ын 54 гишүүн Ерөнхий сайдаас асуулт, асууж хариулт авсан юм.
Олон гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төслүүдийн цаашдын хувь заяа хэрхэх тухай голлон асууж, санал хэлсэн бол өнөөгийн үүссэн улс төрийн нөхцөл байдал, институц хоорондын зөрчлийн талаар асуулт асууж, дэлгэрэнгүй хариулт өгөхийг хүсэж байлаа.
Үргэлжлүүлэн 34 гишүүн байр сууриа илэрхийлсэн юм.
Шөнийн 00:30 цагийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд биечлэн оролцож, өөрийн байр сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн үг 3 хэсэгт багцоагдсан бөгөөд дараах онцлох эшлэлүүдийг хүргэе.
Ийнхүү Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсний дараа чуулганы хуралдаан 30 минут завсарлав.
01:25 цагт чуулганы хуралаан үргэлжилсэн бөгөөд УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлж, санал хэллээ.
Үүний дараа 02 цаг 50 минутанд “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах эсэхээр санал хураалт явуулах болсон бөгөөд ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ “цаасаар, нууц” санал хураалт явуулах горимын санал гаргасныг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.
Тиймээс нууц санал хураалт явуулах тооллогын комисс байгуулаж УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараа даргалж, М.Сарнай, Э.Болормаа, Л.Энхнасан, О.Батнайрамдал, Д.Батлут, А.Ариунзаяа нарын гишүүд комиссын гишүүнээр томилогдлоо.
Ийнхүү нууц санал хураалт явуулах журмаа баталснаар УИХ-ын гишүүд цаасаар, нууцаар санал хураалгаж эхэлсэн юм.
Санал хураалт 82 гишүүн оролцсон бөгөөд санал хураалтын дүнг танилцуулахад Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг 44 гишүүн буюу 53.6 хувь нь зөвшөөрч, 38 гишүүн буюу 46.4 хувь нь татгалзсан санал өгсөн байна.
Ингээд нийт гишүүдийн буюу 126 гишүүний олонх болох 64 гишүүн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхээс татгалзсан учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсон тооцлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж хуульчилсан байдаг.