
BCL Asia буюу Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн шигшээ тоглолтууд Улаанбаатар хотод тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 01-ний өдрүүдэд М банк аренад болж өндөрлөлөө.
2024 оноос эхлэн Монголын дээд лигийн түрүү, үзүүр багууд Азийн шилдгүүдтэй өрсөлдөж эхэлсэн түүхтэй. Эхний жилдээ өрсөлдөгч багтаа ялагдсан хэдий ч энэ жилийн хувьд “Хасын Хүлэгүүд” баг багийн спортод бүх л талаараа эерэг үлгэр дуурайлал авахаар “тэсрэлт” хийв. Ингэж тодотгосны учир нь тус баг хэсгийн шатнаас эхлэн өрсөлдөгчдөө илүүрхэж, эцэст нь эх орондоо аваргын цом өргөлөө.
Хүлэгүүд баг хагас шигшээд NBA-ийн супер од Жэйсон Тэтумын аав Жастин Тэйтумаар удирдуулсан Индонезийн аварга Пелита Жаяаг хожиж, Азийн аваргуудын лигийн үндсэн шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ
Харин финалд Тайванийн аварга Таоюань Пайлотс багийг буулган авч, зүүн бүсийнхээ аварга багаар тодорчээ. Финалын тоглолтод Монголын аваргуудын легионер Иан Миллер онцгойрч, 30 оноо авсан бөгөөд эгзэгтэй мөчүүдэд багтаа хэрэгтэй шийдвэрүүдийг гаргаж, хожилд хувь нэмрээ оруулав. Энэ ч үзүүлэлтээрээ финалын “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан юм.
Тоглолтын дараа Хүлэгүүдийн дасгалжуулагч Э.Ариунболд “Өнгөрсөн жил Азийн аваргуудын лиг бидэнд шинэ лиг байсан. Тэр үед бидэнд олон улсын туршлага гээд байх юм байгаагүй. Гэхдээ бидний энэ жилийн менежментийн зорилго бол амжилтаа ахиулах байсан” гэсэн юм. Харин Иан Миллер “Энэ шагнал надад их зүйлийг өгүүлж байна. Энд байгаа бүх хүнд л ихийг өгүүлж байгаа. Бид үүний төлөө зорьсон. Хүлэгүүд баг, Монголын сагсан бөмбөгийн лиг үүний төлөө зүтгэсэн” хэмээлээ. Түүний хувьд Үндэсний дээд лиг өндөрлөх мөч ойртохтой зэрэгцэн финалын чухал тоглолтуудад багаа удирдан дасгалжуулан, Зүүн Азийн чухал хэд хэдэн тоглолтууд, мөн Дээд лигийнхээ талбайд аварга болж чадсан.
Багийн спортод ард нь баг, түүний ард дахин баг байдаг. Иймээс талбайд нүднээ ил харагдаж буй Багийн ард олон баг ажилласны үр дүнд “Хасын Хүлэгүүд” амжилт, ялалтынхаа ард Дубайг зорихоор болж байна.

Азийн аваргуудын лигийн тухайд:
FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тив бүрийн шилдэг клубуудыг тодруулах тэмцээнийг сүүлийн жилүүдэд зохион байгуулж байгаа. Азийн аваргуудын лиг гэх нэршлээрээ хоёр дахь жилдээ болж буй тус тэмцээний өнгөрсөн жилийн аварга нь Ливаны Аль Рияади баг болсон юм.
Дубай хотноо зургадугаар сарын 7-ноос 13-ны өдрүүдэд болох тэмцээнд дараах есөн баг өрсөлдөнө
- Хятадын лигийн аварга – Чжэцзян Лайонс
- Японы лигийн аварга – Үцүномияа Брекс
- Өмнөд Солонгосын лигийн аварга – Чанвон ЛЖ Сакерс
- Филиппиний лигийн аварга – Мералко Болтс
- Баруун Азийн супер лигийн аварга – Аль Рияади
- Баруун Азийн супер лигийн дэд аварга – Табиат
- Зохион байгуулагч орны аварга – Шабаб Аль Ахли
- Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн аварга – Хасын Хүлэгүүд
- Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн дэд аварга – Таоюань Пайлотс
Дээрх есөн багийг гурван хэсэгт хуваасан бөгөөд өндөр амжилттай найм нь плей-оффын шатанд шалгарна. Хүлэгүүдийн тухайд Хятадын аварга Чжэцзян Лайонс болон баруун Азийн супер лигийн дэд аварга Табиат гэсэн багуудтай нэг хэсэгт багтжээ.


Энд нэмэлт онцлох мэдээллийг тодотгоё. 2025 оны зургаадугаар сар Улаанбаатар хотноо сагсан бөмбөгийн томоохон тэмцээн уралдаанаар дүүрэн амьсгалсан сар болж байна.
Сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний ДАШТ-ийг Улаанбаатар хотод хүлээн авснаар зуны олимпын наадмаас бусад бүх тэмцээнийг зохион байгуулсан цор ганц улс болж буй
- “Ulaanbaatar Women’s Series 2025” Хугацаа: 06 дугаар сарын 18, 19
- “MGL 3×3 Quest” Хугацаа: 06 дугаар сарын 20, 21
Монголын Сагсан бөмбөгийн холбооноос 2017 оноос эхлэн тасралтгүй Улаанбаатар хотод буюу дотооддоо Олон улсын томоохон чанартай тэмцээн уралдааныг эрхээ амжилттай авч, зохион байгуулж байгаа. Эх орондоо чансаа өндөртэй тэмцээн уралдаан зохион байгуулахдаа тухайн улсын спортын холбоо нь Олон улсын холбооноос албан ёсоор зөвшөөрлөө авдаг. Ингэхийн тулд тэмцээн хүлээн авах заал танхим, зохион байгуулалтын ур чадвар, чанар чансаа, тамирчдын амжилт ялалт гээд л бүх л талаараа шилдэг үзүүлэлтийг хангасан байх ёстой байдаг. Иймдээ ч тэд чадаж байна, чадавхижин туршлагажиж буйг дээрх тэмцээн уралдаанаар харуулж байна.
Монголын Сагсан бөмбөгийн холбоо 3х3 төрлийн ДАШТ-ийг хүлээн авснаар 30 дахь том тэмцээнээ зохион байгуулна