
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу цахим мөрийтэй тоглоомыг бүр мөсөн хориглох тухай хуулийн төслийг энэ доллоо хоногт УИХ-аар хэлэлцүүлнэ. Бооцоот тоглоом, спорт бэт буюу мөрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүр мөсөн хориглох агуулга бүхий уг хуулийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Хуулийн төслийг Засгийн газраас санаачилж өнгөрсөн гуравдугаар сард УИХ-д өргөн барьсан юм.
Ингэхдээ
- 1 дүгээр зүйл. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 20 дахь хэсэг нэмсүгэй: “20. Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.”
- 2 дугаар зүйл. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
- 3 дугаар зүйл. Энэ хуулийг … оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн гуравхан зүйл заалттай, товчхон төсөл орж ирсэн байдаг.
Хуулийг Байнгын хороогоор хэлэлцэгдэх үед УИХ-ын Тамгын газраас “Спорт бэт буюу бооцоот тааврыг хуулийн үйлчлэлээс хасах” санал гарсан бол Байнгын хорооны зарим гишүүн “Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрлийн тухай асуудал л байх ёстой. Хориглох заалт оруулах ёсгүй, хэрвээ хориглох бол тусад нь хууль боловсруулж оруулж ирэх ёстой” гэдэг байр суурь илэрхийлсэн.
Улмаар баасан гарагийн чуулганд эхний хувилбараараа буюу цахим мөрийтэй тоглоом, спорт бооцоог бүхэлд нь хориглох байдлаар орж ирсэн юм. Ингэхдээ спорт бооцооны тухайд, гаднын цахим сайтад хандаж мөрий тавьж байгаа хувь иргэнийг биш, монголчуудыг гаднын бооцооны сайтуудад бооцоо тавихад нь дэмжлэг үзүүлж байгаа агентуудыг хориглох агуулга түлхүү явж байгаа гэдгийг хууль санаачлагчид нь онцолж байгаа юм.
Түүнчлэн, спорт бэтийн цахим сайтуудад нэвтэрч ороход тэдгээр сайтууд дотор цахим мөрийтэй тоглоомын сонголтууд байж байдаг нь спорт бэтийг хориглох нэг үндэслэл гэсэн санаа хэлэх гишүүд байсан.
Байнгын хороон дээр гарсан саналын дагуу тусад нь хууль боловсруулж ирэх нь илүү оновчтой ч нэгд, хууль нэгэнтээ боловсруулаад ороод ирчихсэн учир хойшлуулбал шинэ хууль батлагдтал спорт бэтээс гадна цахим мөрийтэй тогломыг ч зөвшөөрсөн мэт орон зай бий болно, хоёрт, яаралтай хэрэгжүүлэхгүй бол шинэ хууль боловсруулж батлах хугацаанд их хэмжээний мөнгөн урсгал гадагш гарсаар байна зэрэг үндэслэлээр эхний хувилбараараа буюу цахим мөрийтэй тоглоом, спорт бооцооны бүх төрлийг хориглох агуулгаараа УИХ-ын Чуулганаар хэлэлцэгдэж байна.