
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн байж болзошгүй тансаг хэрэглээ иргэдийн шүүмжлэлийг дагуулж түүнтэй холбоотой шударга ёсыг шаардсан жагсаал 13 дахь өдрөө үргэлжилж байна.
Улмаар энэхүү асуудал Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Эл асуудалтай холбоотойгоор Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай хүү 23 настай эрийн цээнд хүрсэн. Хүнд хайртай болж бөгж бэлэглэж сүй тавьсан нь үнэн. Херо Энтертайнментын 50 хувь, Хүлэг контент ХХК-г эзэмшдэг. Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгана” хэмээсэн билээ.
Тэгвэл О.Тэмүүлэнгийн нэр дээр бүртгэлтэй Хүлэг контент энтертайнмент, Хүлэг контент Эй Ай ХХК-ийг Opendatalab.mn-аас шүүж үзэхэд ойролцоогоор нэг сарын өмнө буюу 2025 оны 04.01-ний өдөр бүртгэгдсэн байна.