
Gangbay хамтлагийн “Касета” тоглолт маргааш буюу Бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Үүнтэй холбогдуулан тус хамтлагийн зүгээс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Gangbay хамтлагийн гишүүн С.Баянмөнх
“Касета тоглолт нээгдэхэд нэг хоногт дутуу байна. “Касета” гэдэг хүн бүрийн мэддэг хөгжмийн хэрэгсэл. Манай хамтлаг өмнө нь ийм нэртэй кино хийж байсан учраас сэтгэлд өег байдаг.
Тайз, техник тоног төхөөрөмж, гадаадын уран бүтээлчид гэх мэт бүгд бэлэн болсон байна. Маргаашийн тоглолтод эхлээд хүмүүсийн сайн мэддэг дуучид гарна. Түүний араас манай хамтлагийн эхний үе яваад гадаадын уран бүтээлчид гарч дуулна. Үндсэндээ тоглолт маань дөрвөн хэсгээс бүрдэж байгаа юм.
Бямба гарагийн өдрийн 15:00 цагт тоглолтын хаалга нээгдэнэ. 18:00 цагт DJ нар тоглож эхлээд 19:00 цагийн үед тоглолт албан ёсоор нээгдэхээр төлөвлөсөн.
Тоглолтод ADAM, SARYUNA, DZE, SUMENHUAR, AXEMAN гэсэн гадаадын таван уран бүтээлч оролцоно. Тоглолтын тайзыг гурвалжин хэлбэртэй зассан. DJ нар гуравдугаар давхарт тоглох бол 1 болон 2
давхарт уран бүтээлчид дуулна. Өмнө нь хийгдэж байгаагүй өнцгөөр тоглолтоо найруулахыг хүссэн.Мөн Бундын тамга, Гала гэсэн хамтлагуудыг тоглолт дээрээ урьсан. “Касета” гэдэг нь дурсамжтай холбоотой нэршил. Тухайн цаг үедээ дурсамжтайгаа үлдсэн дуунуудыг сэргээх үүднээс хамтлагуудыг авч ирсэн” хэмээн ярилаа.
“Монгол Улсад анх удаа ерөнхий ивээн тэтгэгчгүй тоглолт болох гэж байгаа. Ерөнхий продюсер хоёр ахтайгаа нийлээд ард нь гарахаар өдөр шөнөгүй зүтгэж байна.
Монголд энэ жил орж ирсэн цоо шинэ хөгжим дугарах гэж буйгаараа онцлог. Өчигдөр шалгаж үзсэн. Одоогийн байдлаар маш их тасалбар зарагдсан байна. Та бүхэн манай тоглолтыг ирж үзээрэй” гэсэн юм.