
Ой, хээрийн болон объектын гал түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Баттүвшин нар мэдээлэл өглөө.
Сүүлийн таван жилийн дунджаар жилд 125 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн бол 2025 оны тавдугаар сарын 20-ны байдлаар гарсан түймрийн тоо өмнөх таван жилийн мөн үетэй харьцуулахад 31.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Гал түймрийн дийлэнх шалтгаан нь (64.6 хувь) иргэдийн санамсаргүй үйлдэлтэй холбоотой бөгөөд цахилгаан ашиглалт, угсралтын дүрэм зөрчсөнөөс шалтгаалах түймэр 25 хувийг эзэлж буй.
Иймээс ой хээрийн түймрийн эрсдэл буураагүй, хуурайшилтын зэрэглэл ихэнх нутгаар өндөр байгаа энэ цаг үед дор бүрнээ галын аюулгүй байдлыг чанд сахиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг холбогдох байгууллагууд онцолж байна.