
Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаас хойш буюу 1911 оноос хойш 33 дахь Ерөнхий сайдын нүүр үзжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан, анхны 126 гишүүнтэй парламентад МАН-аа удирдан сонгуульд ялалт байгуулж олонх болж, МАН дарга+Ерөнхий сайдын алба дахин үргэлжлүүлэх эрхтэй болсон.
Одоо харин Засгийн газрын тэргүүнийг хэрхэх асуудал, цаашлаад намынхаа Их хурлыг товлон зарлаж, намын даргаа өөрчлөх эсэх асуудал хариулт хүлээж байна.
“Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдэг үгийг үе үеийн Ерөнхий сайд нарт зориулсан үг мэтээр хэрэглэдэг. Үнэндээ халтай гэхээс илүү төр, түмэн сохор биш гэж тайлбарлах нь зүйтэй.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд сүүлийн 5 жил Засгийн газрын тэргүүнээр ажиллаж, 2021 оны нэгдүгээр сард албан тушаалаа хүлээн авч, нийт 52 сар ажилласнаараа Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойш хамгийн удаан хугацаанд ажилласан Ерөнхий сайд болно.
Ковид-19 цар тахлын дэгдэлт, хатуу хөл хорио, хил хаасан, эдийн засаг хүндэрсэн гээд улс орны түүхэн дэх шинэ сорилт, хүндрэлийн үеийг даван туулсан. Хурдан хугацаанд эдийн засгаа сэргээж, бизнесийг дахин босгож, үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг дахин сэргээх зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж, Парламенттайгаа нэг түвшинд ойлголцож, Засгийн газрын ажлуудаа амжилттай хэрэгжүүлсэн.
Дахин Ерөнхий сайдаар томилогдсныхоо дараа Эдийн засгийг хөгжүүлэх суурь дэд бүтцийг бий болгох, өмнө эхлүүлсэн бүтээн байгуулалтуудаа гүйцээхээр Мега-14 төслийг хэрэгжүүлж буй.
Мөн уул уурхайн төслүүдээ урагшлуулж, Францын Засгийн газартай хамтарсан ураны төслийг эхлүүлэн, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.
Уул уурхай, бүтээн байгуулалтын томоохон төслүүд эхэлж, төлөвлөгдөж байгаа ч гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд төдийлөн нэмэгдсэнгүй, 2020 онд ДНБ-ий 12.9 хувьтай тэнцэж байсан бол 2023 оны байдлаар 11.1 хувьтай байна.
Түүнчлэн Шударга ёс 5Ш ажиллагаа – Transparency International-ийн авлигын төсөөллийн индекст Монгол Улсын үзүүлэлт гурван жил дараалан 33 оноон дээр гацаж, 2018 оноос хойш энэ үзүүлэлтээр ахиц гаргаагүй орнуудын тоонд багтсан нь Засгийн газрын “Таван Ш” тэргүүтэй авлигын эсрэг хүчин чармайлтын үр дүн хангалтгүй хэвээр байгааг харуулж байна.
Цахим засаглал-И монголиа зэргийг түүнд хамаатуулах учиртай.
Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайд байх хугацаанд макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдээс харвал 2021 оны I улиралд инфляц улсын хэмжээнд 2.5 хувьтай байсан бол цар тахлын нөлөөгөөр 2022 оны VI сард сүүлийн 10 жилийн дээд түвшин буюу 16.1 хувьд хүрч байлаа. Улмаар 2023 оны эцсээс аажмаар буурч байсан инфляц өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эргэн нэмэгдсээр IV сарын байдлаар 8.6 хувьтай болсон.
Гэхдээ Хааны алба халаатай, эзэний алба ээлжтэй гэгчээр Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ба түүний кабинетын хувь заяа амаргүй цаг үед амархан дэнслэгдлээ.
Тэгвэл үе үеийн Ерөнхий сайд нар, тэр дундаас Ардчилсан зах зээлийн нийгэмд шилжиж, Үндсэн хуулиа баталсанаас хойших Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа ямар гавьяа байгуулж байсныг товчлон хүргэе.
Мэндсайханы Энхсайхан /1996 – 1998 он/ – Ардчилсан хүчний анхны Ерөнхий сайд. Гол гавъяа нь эдийн засгийн зоримог реформ хийж эхэлсэн.
Цахиагийн Элбэгдорж /1998 он/ – Монгол Улсын нээлттэй гадаад бодлогыг тууштай үргэлжлүүлсэн ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа үргэлжлүүлж, гуравдагч хөршийн бодлогыг дэмжиж буйгаа дэлхий нийтэд албан ёсоор зарласан.
Намбарын Энхбаяр /2000 – 2004 он/ – ОХУ-д төлөх их өрийг тэглэж, Мянганы зам тавьж, 21 аймгийг эрчим хүчээр хангахаас гадна нийгмийн дунд болон доод давхрагыг дэмжих шийдвэр гаргаж байжээ.
Миеэгомбын Энхболд /2006 – 2007 он/ – Өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн хөдөө орон нутгийг дэд бүтцээр хөгжүүлэх бүтээн байгуулалтууд эрчимжсэн. Хот руу нүүдэллэх их нүүдлийг зогсоохын тулд төвлөрөлийг сааруулах чиглэлээр олон чухал шийдвэрийг гаргасан. Цалингийн доод хэмжээг огцом нэмэгдүүлсэн, улс төрийн тогвтортой байдлыг хангаж байсан.
Санжийн Баяр /2007 – 2009 он/ – “Таван төгөлдөршил” уриатай түүний Засгийн газар Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр олон арван зохицуулалт хийсний хамгийн алдартай нь “Атрын 3 дахь аян” байсан. Мөн Оюу толгойн гэрээг эхлүүлсэн, Тавантолгойн орд газрын хувийн эзэмшлийг төрд буцаан авсан нь энэ Засгийн газрын онцлох ажлын нэг.
Сүхбаатарын Батболд /2009 – 2012 он/ – С.Баярын Засгийн газрын үед эхлүүлсэн Оюутолгойн гэрээний үр шимээр анх удаа Монгол Улсын эдийн засаг 17 хувьд хүрч тэлсэн азтай үеийн Засгийн газрын тэргүүн. Энэ үед гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэх боломжийг Засгийн газраас хангасны үрээр хоёрдогч том уул уурхай буюу Тавантолгойн орд газар эдийн засгийн эргэлтэд орсон. Боловсролын салбарыг дэмжиж мэргэжилтэй боловсон хүчнээр тасарсан байсан манай улсын боловсон хүчнийг энэ салбарын ажилчдаар хангах гол эхлэл тавигдсан.
Норовын Алтанхуяг /2012 – 2014 он/ – Төрийн албан хаагчдын хүнд суртлыг багасгах, иргэдэд ээлтэй төр байгуулах олон шийдвэр гаргасан. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлсэн, нэг сая гаруй хүн амтай нийслэл хотын стандартыг өөрчлөх шийдвэрүүд энэ засгийн газрын үед гарсан.
Чимэдийн Сайханбилэг /2014 – 2016 он/ – Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын эдлэх эрх ямбыг бууруулж, дэд дарга нарын орон тоог цөөлж, Монгол Улсад анх удаа АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Түүний Засгийн газрын хамгийн алдартай шийдвэр нь Дубайн гэрээг байгуулсан явдал. Алдаа оноог нь цаг хугацаа, түүх дэнсэлж буй.
Жаргалтулгын Эрдэнэбат /2016 – 2017 он/ – 2012-2016 оны эдийн засгийн их уналт -1,2 хувьд хүрч байсныг огцом сэргээж 5,3 хувьд хүргэсэн нь эдийн засагч Ерөнхий сайд байсны гавьяа гэдэг. Засагласан жилүүддээ “Олон Улсын Валютын сангийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, нийгмийн халамжийн чиглэлээр олон чухал шийдвэр гаргасан. Тухайлбал, Ахмад настнуудад “Насны хишиг” олгох хуулийг санаачлан хэрэгжүүлсэн, “Цалинтай ээж”, “Элэг бүтэн Монгол”, “21:100” гэх мэт томоохон Үндэсний хөтөлбөрүүд, Улаанбаатар-Налайх чиглэлийн хоёр урсгалтай автозам, Дархан-Улаанбаатарын автозамуудыг шинэчлэн барих ажлын төсөв санхүүжилтийг олон улсаас босгосон. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдвэрүүд энэ Засгийн газрын үед эхэлж, шөнийн цахилгааны тарифыг тэглэж, бага оврын зуухуудыг буулган төвлөрсөн системд холбох ажил, насжилттай автомашинуудын татварыг нэмэх зэргээр хотын утааг бууруулах гол ажлыг эхлүүлсэн.
Ухнаагийн Хүрэлсүх /2017 – 2021 он/ – “Ковид-19” цар тахлын эхэн үеийн он цаг энэ Засгийн газрын үед хамаарна. Иргэддээ хандсан долоон төрлийн хөнгөлөлт чөлөөлөлт, “Монголын цахилгаан холбоо” компанийн хувьцааг худалдаж авах шийдвэр, “Чингис бонд”-ын өрийг төлсөн, Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийг эхлүүлсэн, Засгийн газрын өр ДНБ-ий 80 хувьтай тэнцэж байсныг 60 хувь болгож бууруулсан, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн, Төрийн албан хаагчдын цалинг нэмсэн, зэрэг нийгмийн халамжийн олон чухал шийдвэрийг үргэлжлүүлсэн. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл С ангиллаас В рүү шилжсэн нь энэ Засгийн газрын үеийн шийдвэр.
Монгол Улсын Засгийн газрыг сүүлийн 30 жил тэргүүлж ажилласан Ерөнхий сайд нар дээр овоглон, үе үеийн Засгийн газар бүр өөрсдийн цаг хугацаандаа тухайн нийгэм цаг үеийнхээ тулгамдсан асуудлыг шийдэхийг зорин ажиллаж байсан мэдээллийг нэгтгэн тоймлоход ийм аж.