
МАН-ын Бага хурал үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлсэн бөгөөд тэрээр энэ удаагийн хуралдаанаар цаашид Хамтарсан Засгийн газар байх нь зөв үү? буруу юу? гэдэг дээр Бага хурлын нийт гишүүдээрээ ярилцаж, уг сэдвийн хүрээнд асуулт, хариулт явуулж, санаа бодол сонсох санал гаргасан байна.
Дээрх агуулга дээр Бага хурлын гишүүдээс дараах гурван янзын байр суурь, санал гаргажээ.
Хамтарсан засаг газар цаашид байх хэрэггүй. Монгол ардын нам хууль тогтоох дээд байгууллагадаа олонх болж сонгогдсон. Ийм байж ард түмний итгэлийг үл хайхран улс төрийн бусад намуудтай хамтрах шаардлага байгаагүй. Олонхоороо Засгийн газраа бүрдүүлээд яв. Тэглээ ч хамтарсан намын нөхдүүд Засгийн газраа огцруулъя гэсэн жагсаалд нэгдээд, гар хөлийн үсэг зураад байна хэмээжээ.
Харин зарим гишүүдийн зүгээс Засгийн газартаа үргэлжлүүлээд хамтрах нь зүйтэй. Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, том төслүүдээ хөдөлгө. Засгийн газраа унагахгүй, намын дарга, Ерөнхий сайдаа хийгээд, ажлаа үргэлжлүүл ээ гэжээ.
Түүнчлэн Ерөнхий сайдыг хувь хүний хариуцлагаа өөрөө хүлээгээд яв. Хамтарсан Засгийн газар тарах, Ерөнхий сайд огцрох асуудлыг УИХ-аар шийднэ. Ингэж МАН-ын Бага хурлаар энэ асуудлаа оруулж, хэлэлцүүлэх шаардлага байхгүй хэмээн цухалдан үзэх гишүүд ч цөөнгүй байгаа аж.
МАН-ын Бага хурал 15 цагаас эхэлсэн бөгөөд 21 цагийн байдлаар түр завсарлаад байна.