
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудал төрийн ордон хийгээд төв талбайд өрнөж буйтай зэрэгцэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдэгдэл гарч ирсэн нь улс төрийг улам халуун болголоо. Нөгөө талаар энэ улс төрд хэн нь хэний тал болохыг ч тодорхой харуулсан гэлтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх, Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно” гэлээ.
Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан.
Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэг хүн дахин нэр дэвших боломжийг бий болгох үйл явц өрнөж болзошгүй байгаа.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Х.Тэмүүжин гишүүний санаачилсан Ерөнхийлөгчийг дахин сонгож Үндсэн хууль хөндөхгүй гэдэг бичигт Ардчилсан намын бүлгийн ихэнх гишүүн гарын үсэг зурсан. “АН-ын бүлгийн 42 гишүүн Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй гэдэг дээр тууштай, хатуу зогсох ёстой гэх шийдлийг гаргахаар ярилцлаа” хэмээсэн.
Энэхүү бичигт гарын үсэг зурсан АН-ын бүлгийн гишүүдийг Х.Баттулга болон түүний хүрээнийхэн манлайлж буй нь Л.Оюун-Эрдэнэтэй нэг талд зогсож байгаа юу гэмээр.
Харин Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал яригдаж байхад Ерөнхийлөгч өөрийгөө дөвийлгөн харуулж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын асуудлуудад шүүмжлэлтэй хандан, зарим нэг зүйлсийг гацаасан зэрэг нь зүгээр нэг давхцал биш гэлтэй.