
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Ингэснээр Монголбанк зээлдэгчийн онооны системийг болон, холбогдох журмыг боловсруулж хэрэгжүүлэх юм.
Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр бий болох эерэг өөрчлөлтүүдийн талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар тайлбарлахдаа, “Бид ярьдаг шүү дээ. Зээл авахааргүй хөрөнгөтэй болж байж, зээлийн эрх үүсдэг тухай шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл оноо нь өөрөө биет бус хөрөнгө болчхож байгаа юм.
Нөгөөтээгүүр иргэд зээл авах банк, санхүүгийн байгууллагаа сонгох боломжтой болчхож байгаа юм. Өнөөдрийн байдлаар тухайн иргэний мэдээлэл зөвхөн харилцагч банканд л байдаг. Ингээд өөр банкийг сонгож зээл авъя гэхээр, том банкнууд нь тухайн хүний мэдээллийг хуваалцдаггүй. Тэгэхээр тухайн банкныхаа нөхцөлөөр л зээл аваад байгаа юм. Онооны хувилбар луу орчихвол, дурын банк дээрээ очиж оноогоо үзүүлээд зээл авах эрхээ нээлгүүлж болно. Бодит амьдрал дээр таньдаг эдийн засагч хайхаас эхлүүлээд зовлон их байдаг. Энэ зовлон ч байхгүй болно.
- Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болно
- Зээлийн хүртээмж нэмэгдэнэ
- Барьцаа хөрөнгийн шаардлага, зээлийн хүү буурна
- Банк, санхүүгийн тогтолцоо илүү шударга, өрсөлдөөнтэй болно” гэв.
Бид хууль батлагдсанаар одоогийн чанаргүй зээлдэгчид буюу хар жагсаалтад орсон хүмүүсийн мэдээлэл хэрхэх талаар түүнээс тодруулахад, “200 мянган иргэнийг хар жагсаалтаас гаргаж байгаа. Тухайн иргэн цаг хугацаандаа зээлээ төлөөд эхэлбэл оноо нь ихэснэ гэсэн үг. Доголдол үүсвэл оноо нь буурна. Одоо бол доголдол үүсэх л юм бол зургаан жилийн ял үүрээд байгаа шүү дээ” гэсэн тайлбар өгсөн юм.