
Төв талбайд “Огцрох амархан” жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, Төрийн ордонд гишүүд хуваарь ёсоор хуралдсан өдөр байлаа, өчигдөр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулгандаа ирээгүй ч, намынх нь гишүүд, түүний засгийн газарт ажиллаж буй сайд нар гээд саарал ордонд суугаа хүмүүс Ерөнхий сайдын хүүгийн тансаглалд ямар байр суурь илэрхийлэв.
Зарим нь завгүй явж байна гэх үгээр ам таглаж, зарим нь мэдээлэлгүй явна хэмээх. Гишүүдийн дийлэнх нь Ерөнхий сайд өөрөө гарч ирээд тайлбар хийх байх гэж байлаа. Иргэний Зориг Ногоон Намын дарга Б.Батбаатар “Ирэх долоо хоногт багтаж тайлбар хийхгүй бол бид нар шаардлага тавина” гэсэн бол АН-ын дарга Л.Гантөмөр Ерөнхий сайдыг “өмөөрч” сэтгүүлчид рүү зандарсан юм. Тэрбээр “Насанд хүрсэн хүмүүсийг бид нар яаж хариуцах юм” гэсээр чуулганы танхим руу “зугтаасан” юм. Харин ХҮН намын дарга Т.Доржханд “Би Л.Оюун-Эрдэнийг худлаа ярьж хулгай хийдэг хүн гэж бодохгүй байна” гэх байр суурь илэрхийлэв.
Байр сууриа илэрхийлсэн гишүүд дотроос Ц.Идэрбат “Би Ерөнхий сайдын хүүг мэднэ. Тийм айхавтар баруун солгойгүй мөнгө цацаад явдаг гэж бодохгүй байна” гэсэн юм.
Харин А.Ариунзаяа гишүүн “Ёс зүй, дэгийн байнгын хороонд ямар нэг гомдол, энэ асуудал дээр баримт байхгүй учир ёс зүйн хариуцлага тооцно гэж ярих буруу. Тайлбар хийх хүмүүс тайлбар хийж, тогтоох ёстой хүмүүс нь тогтоох байх” гэв.