
Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ сүүлийн саруудад тогтмол өссөр түүхэн дээд хэмжээнд хүрээд байна.
Энэ оны эхний 3 сарын байдлаар 1 унц алт дэлхийн зах зээл дээр 20 орчим хувиар өссөн бөгөөд өнөөдөр 2876 ам.долларт хүрчээ.
Монгол Улсад олборлосон бүх алтаа Монголбанк худалдан авдаг бөгөөд өнөөдрийн ханшаар 1гр алт 371 мянган төгрөг байна.
Монголбанкны алт худалдан авалт ба алтны үнэ, валютын нөөц бүрдүүлэлтийн талаар Монголбанкны Эрдэнэсийн газрын захирал П.Эрдэнэтуяагаас тодрууллаа.
Монголбанкны алт худалдан авалт өнөөдрийн байдлаар ямар хэмжээнд банйа вэ?
- Монголбанкны алтны худалдан авалт дөрөвдүгээр сарын байдлаар 3,2 тонн буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 20 орчим хувиар буурсан байгаа. Сүүлийн 2 жил Монголбанкны алтны худалдан авалт буураад байгаа. Гэхдээ алтны үнийн өсөлт өндөр байна.
Алтны худалдан авалтын бууралтын шалтгааныг олон хүчин зүйлээс хамаарч байгаа. Алтны арилжаа эрхлэгчид буюу жижиг олборлогчдын Монголбанканд тушааж байгаа хэмжээ буурсан байгаа.
Алтны ААН–үүдийн олборлолт буурсан үзүүлэлт байхгүй. Шороон ордны нөөц багасаж байгаатай холбоотой гэж үзэж болно. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас гаргасан тоогоор 100 орчим тонны нөөцтэй уурхайнуудын байршил нь улсын төрийн тусгай хамгаалалттай газар хамаараад байна.
Төв банкны худалдан авч буй алтанд ямар шаардлага тавьдаг вэ?
- Монголбанкны хувьд гарал үүсэл нь тодорхой алтыг худалдан авч олон улсын цэвэршүүлэх үйлдвэрт цэвэршүүлж байгаа. Энэ хүрээндээ ч гэсэн Монгол Улсын олборлосон алтны өмнө хариуцлагыг Төв банк гадаад зах зээлд хариуцаж явж байгаа гэдэг утгаараа гарал үүслийн шаардлагыг маш өндөр тавьдаг.
Алтыг өнөөдөр хэдэн төгрөгөөр худалдан авч байна вэ?
- Алтны үнэ нэг унц нь 3200-аас давчихсан, өнөөдөр л гэхэд Монголбанкны худалдан авч байгаа алтны үнэ 1гр нь 371 мянган төгрөг байна.
Энэ маш өндөр үнэ. Хүмүүс бас санхүүгийн эрсдэлээс хамгаалж алтыг маш их худалдан авдаг. Дээр нь үнэт эдлэлийн зах зээлийн алтны хэрэглээ нийт алтны хэрэглээний технологи Төв банкуудын худалдан авалтаас давуу байдаг.
Алт нь тухай улсын валютын нөөцийн гол бүрдүүлэгч болдог. манай улсад алтны нөөц буурсантай холбоотой валютын нөөц багассан банйа гэж ойлгож болох уу?
- Өнөөдрийн байдлаар геополитик буюу дайн байлдаан, Америк, Хятадын тарифын асуудал зэргээс бизнесийн байгууллагууд, иргэд өөрсдийнхөө санхүүг хамгаалах зорилгоор алтыг түлхүү худалдан авдаг.
Монголбанкны Эрдэнэсийн сангийн худалдан авсан алт жилд дунджаар гадаад валютын улсын нөөцийг 800 орчим сая ам.доллараар нэмэгдүүлдэг.
Сүүлийн 5 жил 100 гаруй тонн алт худалдан авсан. Энэ хэмжээгээрээ 4,9 тэрбум ам.доллараар зөвхөн алтаар гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлж чадсан байна.