
Гарцаар гарч явсан дугуйтай зорчигчийг мөргөж, зугтсан жолоочийн бичлэг өчигдөр буюу (2025.05.07) цахим сүлжээнд тавигдсан билээ.
Тэгвэл уг үйл явдлын талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн шалгаж байгаа талаар ТЦА-наас мэдээлж байсан юм.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны урд замд энэ оны тавдугаар сарын 07-ны өдрийн 07:00 цагийн орчимд “Марк, улсын дугаар тодорхойгүй автомашин унадаг дугуйтай зорчигчийг мөргөж, хэргийн газрыг орхиж зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгаж эхэлсэн гэдгийг мэдээлсэн.
Hyundai Elаntra маркийн автомашиныг насанд хүрээгүй хүн жолоодон явсныг олж тогтоон, тээврийн хэрэгслийг ачиж саатуулан, шалгалтын ажиллагааг хийж байгаа ажээ.
Зам тээврийн осолд холбогдсон жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тохиолдолд хуульд зааснаар хариуцлага тооцдог болохыг анхаарууллаа.