
Энэ сарын 3-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг Хужирт багийн Тасархай хэмээх газар хаваржиж буй С.Батмөнхийн малын бэлчээрт баавгайн бамбарууш ирсэн тухай мэдээлэл байгаль хамгаалагчдад иржээ. Одоогоор бамбаруушийг тус газарт нь асарч эх баавгайг ирж магадгүй хэмээн тандалт хийж байгаа гэнэ.
Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын захиргаанаас БОУАӨЯ болон Амьтан асрах төвийн мэргэжилтнүүдэд мэдэгдэж, хоол тэжээлийн болон хэрхэн асран хамгаалах талаар зөвлөмж мэдээлэл авсан байна.Одоогоор хамгаалалтын захиргааны дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан бүлэг бамбаруушт оромж байр бэлдэн, мэргэжилтнүүдийн заавар зөвлөмжийн дагуу асран хамгаалж байна.
Хүрэн баавгай ойрын жилүүдэд хоол тэжээлийн хомсдолоос болж нутгийн гүнд орж ирэх, үр төл нь өнчрөх эрсдэлийг дагуулж буй тул самар, жимс түүхдээ тодорхой хувийг байгальд нь үлдээхийг амьтан судлаачид зөвлөж буй юм.