
АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-ны хооронд болно.
Тус тэмцээнд 34 орны нийт 262 тамирчин оюун ухаанаа сорих ажээ. Харин Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Од нарын удирдлага дор Үндэсний шигшээ багаас эмэгтэйчүүдийн ангилалд Их мастер Б.Мөнгөнтуул (гавьяат тамирчин), Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул, эрэгтэйчүүдэд Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин, ФИДЕ мастер Н.Содбилэгт нар оролцоно.
Шигшээ багийн бус тамирчдаас дурдвал, эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Д.Номин-Эрдэнэ, ФИДЕ мастер Э.Энхрий, ФИДЕ дэд мастер Э.Эмүжин, Б.Буянхишиг, Ч.Нандинжигүүр, Х.Баясгалан, залуу тамирчин З.Нарансолонго, З.Наранзаяа, эрэгтэйчүүдэд ФИДЕ мастер С.Чингүүн, Г.Мөнхбаяр нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Энэхүү тэмцээнд шатрын спортоор дэлхийд тэргүүлэгч Энэтхэг, БНХАУ, ОХУ (ОХУ Азийн шатрын холбоонд элссэн)-ын шатарчид өрсөлдөх учраас өрсөлдөөн ширүүхэн өрнөх нь мэдээж.
Дэлхийн цомын эрх олгох тус тэмцээнд Их мастер 53, эмэгтэй их мастер 19, Олон улсын цолтой 228 шатарчин бүртгүүлсэн байгаагаас энэ тэмцээний чансааг дүгнэж болох юм. Монголын шатарчид тус тэмцээнээс нийт хоёр хүрэл медальтай бөгөөд 2019 онд Т.Мөнхзул, 2023 онд Б.Мөнгөнтуул нар медалийн тавцанд гарч байв.
Монголын шатарчид Ази тивийн АШТ-д оюун ухаанаа сорихоор эх орноосоо мордлоо