
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Холбооны хорих ангиудын товчоо, Америкийн хууль зүйн яам болон Дотоодын аюулгүй байдлын яаманд 60 гаруй жилийн өмнө хаалгаа барьсан алдарт Алькатрас шоронг сэргээн засварлан, дахин нээж, Америкийн хамгийн хэрцгий, онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг Алькатраст хорих санал тавьсан гэжээ.
Тэрээр Алькатрас шоронг дахин нээх нь хууль, дүрэм журам, шударга ёсны бэлгэдэл болно хэмээн өөрийн нийгмийн сүлжээнд бичжээ.
Алькатрас шорон нь Сан Франциско хотын эргээс 2.01 км зайд байрлах Алькатрас арал дээр байдаг юм. Алькатрас шорон нь 30 орчим жил үйл ажиллагаагаа явуулсны эцэст 1963 онд хаалгаа барьжээ. Учир нь тус хорих ангийн хэвийн үйл ажиллагааг хангах нь асар өндөр зардалтай байсан аж. Өдөр тутмын үйл ажиллагааг нь тооцохгүйгээр зөвхөн засвар үйлчилгээнд нь л гэхэд 3-5 сая ам.доллар шаардлагатай байсан нь АНУ-ын өөр бусад шоронгуудын зардлаас бараг 3 дахин их байжээ.
Өнөөдөр Алькатрас шоронгийн байр нь АНУ-ын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хариуцсан албаны дор үйл ажиллагаа явуулж байгаа ба жуулчдын очих дуртай газруудын нэг болжээ. Тус шоронг жилд дунджаар 1.2 сая жуулчин очиж сонирхдог аж.
Эх сурвалж:https://edition.cnn.com/
https://www.nbcnews.com/