
Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх авто замыг бүрэн шинэчлэх юм. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно. Ингэснээр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэлийн шалтгааныг арилгах, нийтийн тээвэр хоорондын зайг алдагдуулахгүй байх зорилгоор 2022 оноос эхлэн зам дагуух зогсоолуудыг үе шаттай хааж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр онцолж байлаа.
Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Ингэхдээ иргэдэд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд авто замыг засварлан шинэчилж байна. Харин асфальтбетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС