
АНУ-ын “Юнайтэд Эйрлайнс” ХХК энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Монгол-АНУ хооронд Япон Улсаар дамжин нислэг үйлдэж эхлэх юм.
Үүнтэй холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, “Юнайтэд Эйрлайнс” ХХК хооронд Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээг 4 дүгээр сарын 28-ны өдөр үзэглэлээ. Тус гэрээ нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, АНУ-ын агаарын тээврийн стандартыг хангахын сацуу нэмэлт үйлчилгээнүүдийг тусгагдсанаараа онцлогтойг Иргэний нисэхийн үндэсний төв мэдээллээ.
“Юнайтэд Эйрлайнс” компани 2025 онд найман чиглэлд нэмж нислэг үйлдэх болсноо зарлаж, үүнд нь Монгол Улс багтсан юм. Тодруулан хэлбэл, Улаанбаатар хотоос АНУ руу долоо хоногт гурван удаа тогтмол нислэг үйлдэх хуваарьтайгаар эхлэх аж.