
Өнгөрсөн даваа гарагт болсон Канадын парламентын сонгуульд ялалт байгуулсан Либерал намын тэргүүн, Ерөнхий сайд Марк Карни Канад улс хэзээ ч АНУ-д бууж өгөхгүй хэмээн мэдэгджээ. Тэрээр намынхаа сонгуулийн ялалтыг тохиолдуулан хэлсэн үгэндээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хоёр улсын эдийн засаг, аюулгүй байдлын харилцааны талаар ярилцахаар төлөвлөсөн талаараа мэдэгджээ.
Тэрбээр, “АНУ манай газар нутаг, манай байгалийн нөөц, манай усыг авахыг хүсэж байгааг би олон сарын турш анхааруулсан. Энэ бол хоосон заналхийлэл биш. Ерөнхийлөгч Д. Трамп биднийг хагалан бутаргаж, бүхнийг авахыг хүсэж байна. Тийм зүйл хэзээ ч болохгүй.” хэмээн мэдэгджээ. Ерөнхий сайд Марк Карнигийн хувьд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр АНУ-Канадын харилцааг нэг бус удаа онцолж байсан юм. Тэрээр намынхаа дэмжигчдийн өмнө хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Д. Трампын импортын татварын нэмэгдэлтэй холбоотойгоор Канадын эдийн засгийг АНУ-аас хамааралтай байдлыг зогсоохоо амлажээ.
Тэрбээр, “Бид худалдааны дайнд ялж, Их-7-гийн орнууд дундаас хамгийн хүчирхэг эдийн засгийг босгох болно.” гэжээ. Канадад өнгөрсөн даваа гарагт болсон парламентын сонгуулиар эрх баригч Либерал нам сонгогчдын 43.5 хувийн саналыг авч, ялалт байгуулсан юм. Нөгөө талаас Либерал нам дангаараа засгийн газар байгуулахад шаардлагатай тооны суудлыг авч чадаагүй аж. Мексик, Австрали, Их Британи, Европын улс орнуудын төрийн тэргүүнүүд Ерөнхий сайд Марк Карнид парламентын сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн байна. Ерөнхий сайд М. Карнигийн хэвлэлийн албанаас мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп мөн адил баяр хүргэсэн ба хоёр улсын төрийн тэргүүнүүд хамтран ажиллахын ач холбогдлыг онцлон, ойрын ирээдүйд уулзахаар тохиролцсон гэжээ.