
Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан Булган аймагт болж байна. Таван салбар хэлэлцүүлгээр хойд бүсийг цааш нь хэрхэн нь хөгжүүлэх вэ гэдгийг задлан ярилцаж буй юм. Бүсийн онцлог-харьцуулалт салбар хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр “Мөрөн нисэх буудлыг олон улсын онгоцны буудал болгож, олон улсын онгоц хүлээж авдаг байх, аялал жуулчлалыг дэмжих хүрээнд тодорхой хугацаанд визгүй зорчих хэсгийг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод бий болгох санал гаргалаа. Үүгээр дамжуулан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Ханх боомтоор 2024 онд 40 гаруй мянган жуулчин орж ирсэн. Энэ тоог бид хамгийн багадаа 400 мянга болгох шаардлагатай гэж харж байгаа. Иймд Ханхаас Хатгал хүртэл зорчигч усан тээврийг нэвтрүүлэх шаардлагатай гэж харж байгаа.
Харин Булган аймагт боловсруулах үйлдвэр, цехүүдийг төвлөрүүлсэн ажлын байрыг нэмэгдүүлнэ. Хойд бүсийг тэр чигт нь эрчим хүчээр хангах Эгийн голын усан цахилгаан станц Булган аймагт байгуулагдаж байгаа. Мөн “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг аялал жуулчлалыг дэмжин үргэлжлүүлнэ.
Орхон аймгийн тухайд томоохон үйлдвэрүүд хөгжиж ажиллах ёстой гэж харж байна. БНСУ-аас ч юм уу зэсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг Монгол Улсад хөрөнгө оруулалтын түвшинд урьж оролцуулж, ажиллан эдийн засгийг солонгоруулах боломжтой. Салбар хуралдаанд яригдсан энэхүү агуулгуудыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ” гэв.