
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров CBS сувагт өгсөн ярилцлагадаа Вашингтон ОХУ-д Запорожье атомын цахилгаан станцын удирдлагыг АНУ-д шилжүүлэх тухай санал тавиагүй, тавьсан ч тус атомын цахилгаан станцын удирдлагыг шилжүүлэх боломжгүй гэжээ.
Тэрбээр Вашингтон, Киев хоёр аюулгүй байдлын үүднээс Запорожье АЦС-ыг хамтран удирдах ёстой гэсэн Вашингтоны мэдэгдэлтэй санал нийлж байгаа эсэхэд, “Бидэнд тийм санал ирээгүй, ирсэн ч Запорожье АЦС–ын үйл ажиллагааг Олон улсын Цөмийн Эрчим Хүчний агентлагийн мэргэжилтнүүдийн байнгын хяналт дор Оросын төрийн өмчит “Росатом” корпорац хариуцаж байгаа” хэмээн хариулжээ.
ОХУ-ын зэвсэгт хүчин Украины Запорожье мужид байрлах Запорожье АЦС-ыг 2022 оны 3-р сард эзэлж, хяналтдаа авсан юм.
С. Лавров Запорожье АЦС нь найдвартай гарт байгаа гэдгийг онцлохын зэрэгцээ Украины зэвсэгт хүчин Запорожье АЦС-д тогтмол халдаж, цөмийн осол гаргах оролдлого хийсээр байна хэмээн буруутгажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийд Украины атомын цахилгаан станцуудыг АНУ-ын мэдэлд шилжүүлэх нь Украины хувьд аюулгүй байдлын хамгийн том баталгаа болно хэмээн мэдэгдсэн талаар Цагаан ордон мэдээлж байсан билээ.
Түүнчлэн барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Вашингтоны санал болгож буй энхийн гэрээнд Запорожье АЦС нь Украины эзэмшилд үлдэх ч тус станцын удирдлагыг Вашингтон хариуцаж, Украин болон ОХУ-д эрчим хүч нийлүүлнэ хэмээн тусгасан талаар мэдээ гарсан юм.