
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй Ватиканд хийсэн уулзалтынхаа дараа өөрийн нийгмийн сүлжээндээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-Украины дайныг дуусгах хүсэлтэй эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
Ромын Католик сүмийн тэргүүн агсан Пап лам Францисын оршуулах ёслол эхлэхээс өмнө Д. Трамп, В. Зеленский нар Гэгээн Петрийн цогчин дуганд 15 минут орчим уулзаж ярилцсан ба Цагаан ордны зүгээс уулзалт маш үр дүнтэй болсон хэмээн тодорхойлсон юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп Ром хотоос эх орон руугаа буцах замдаа өөрийн нийгмийн сүлжээндээ, “В. Путинд сүүлийн хэдэн өдрүүдэд хот тосгод, энгийн иргэд амьдардаг бүсүүдэд цохилт үзүүлэх шалтгаан байгаагүй. В. Путин дайныг дуусгах хүсэлгүй байгаа юм болов уу гэж бодоход хүргэж байна. Магадгүй түүнтэй өөрөөр ярих ёстой юм болов уу? Банк санхүүгийн эсвэл хоёрдогч хориг арга хэмжээний тухай ярих уу?” хэмээн бичжээ.
Өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев хотод баллистик пуужингийн болон дроны цохилт үзүүлсэн юм. Цохилтод орон сууцны барилгууд өртсөнөөс болж 8 хүн амь үрэгдэж, 77 хүн шархадсан юм.
Эх сурвалж: www.reuters.com