
Коби Брайантын NBA-ийн анхны улиралдаа өмсөж байсан өмсгөл долоон сая ам.доллароор зарагджээ. Лос Анжелес Лейкерс багийн домогт тоглогч Коби Брайантын NBA-ийн хамгийн үнэ цэнтэй тоглогч болох үедээ буюу 2007-2008 оны улиралд өмсөж байсан, өөрийнх нь гарын үсэгтэй өмсгөл өмнө нь Sotheby’s дуудлага худалдаагаар 5.85 сая ам.доллароор зарагдаж байсан бол түүний 18 настайдаа NBA-ийн 1996-1997 оны улирлын тоглолтод өмссөн өмсгөл уг рекордыг эвджээ.
1996-1997 оны улирлын анхны тоглолтон дээрээ К. Брайант талбай дээр зургаан минут л тоглож, ямар ч оноо аваагүй бөгөөд улирлын туршид К. Брайант дунджаар 7.6 оноо авчээ.
Сагсан бөмбөгийн спортын шилдэг тоглогчдын нэг, NBA-ийн таван удаагийн аварга Коби Брайантын өмсгөл долоон сая ам.долларт хүрснээр хамгийн үнэтэй зарагдсан спортын өмсгөлүүдийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэх болжээ. Тус жагсаалтын нэгт 24 сая ам.доллароор зарагдсан бейсболын домогт тоглогч Бэйб Рутын өмсгөл, хоёрт 10.1 сая ам.доллароор зарагдсан Майкл Жорданы 1998 оны NBA-ийн финалд өмссөн өмсгөл, гуравт 9.3 сая ам.долларын үнэд хүрсэн Диего Марадонагийн 1986 оны хөл бөмбөгийн ДАШТ-д өмссөн өмсгөл тус тус бичигджээ.