
Пап лам Францисын шарилыг өнгөрсөн лхагва гарагийн өглөө 9 цагт Санта Марта өргөөнөөс зөөвөрлөн, Гэгээн Петрийн сүмд олон нийтийн хүндэтгэлд зориулан байршуулснаас хойш баасан гарагийн 19 цаг хүртэл 250 мянган хүн Пап лам Францистай салах ёс гүйцэтгэжээ.
Пап лам Францисын шарилыг оршуулгын ёслолд бэлтгэж, авсыг битүүмжлэн лацдах ёслол болохоос өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гэргийн хамт Пап лам Францист хүндэтгэл үзүүлжээ.
2013 онд Ромын Католик сүмийн тэргүүнээр сонгогдсон Пап лам Францис өнгөрсөн даваа гарагт Санта Марта өргөөндөө таалал төгссөн юм.
Ватиканы хэвлэлийн албанаас мэдээлснээр Пап лам Францисыг оршуулах ёслолд гадаадын 160 төлөөлөгч оролцох ба АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп Ромд баасан гарагийн орой бууж, бямба гарагийн өглөө болох оршуулах ёслолд оролцсон даруйдаа буцах аж.
Пап лам Францисын оршуулах ёслолд олон улсын төлөөлөгчид оролцохтой холбоотойгоор Италийн эрх баригчид дээврүүд дээр мэргэн буудагчдыг байршуулж, дроноор ажиглалт хийж, агаарын бүсэд орж ирэх гаднын объектуудыг устгах зэр зэвсгүүдийг бэлтгэх зэргээр аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авчээ.
Оршуулах ёслолын үеэр Ром хотын төвийн авто замын хөдөлгөөнийг хаах ба энэ нь оршуулгын цуваа Гэгээн Петрийн талбайгаас Пап лам Францисын шарилыг тавих газар болох Ромын Санта Мария Мажоре сүм рүү саадгүй зорчих, ромчуудад сүүлийн удаа Пап ламтай салах ёс гүйцэтгэх боломжийг олгох аж.
Ромын Католик сүмийн шинэ тэргүүнийг сонгох санал хураалт 5-р сарын 6-наас нааш эхлэх төлөвгүй байгаа ба Католик сүмийн нийт 252 кардиналуудаас 149 нь хэдийн Ватиканд цуглаад байгаа аж.