
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.04.25/ мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Сургуулийн насныхан энэ халдварт өртөж байгаа учраас сургуулийн зүгээс вакцинаа хийлгэсэн эсэхэд хяналт тавьж, хүүхдүүдээ идэвхтэй хамруулах шаардлагатай байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 72 сургуулийн 168 бүлэгт 222 тохиолдол бүртгэгдсэн байна. Голомтод дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй 38 сургуулийн 34 хувь нь буюу 13 сургууль халдварыг таслан зогсоосон.
Голомтлон бүртгэгдсэн 18 сургууль байгаагаас 99 бүлэгт 152 тохиолдол бүртгэгдсэн байна. Дархлаажуулалтад 72 цагийн дотор хүүхдүүдийг хамруулах шаардлагатай байдаг. Аль нэг сургуульд халдвар гарсан бол нэн даруй хариу арга хэмжээг авах нь зүйтэй. Нийт 18 цэцэрлэг дээр тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 12 цэцэрлэгт голомт хумигдсан байна. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгт халдвар бүртгэгдэж байна.
Халууралт, тууралт бүхий өвөрмөц халдвар учраас бага насны хүүхдүүдэд халууралт удаан буюу 5-6 хоног үргэлжилж байна. Харин тууралт эхлэхээс өмнө нүд улайж, нуух гарах, хамар битүүрэх, өвөрмөц тууралт дээрээс доошоо гардаг. Тухайн хүүхдийн хүндрэлийн зэргээр нь хөнгөн, дунд, хүнд, нэн хүнд гэж ангилдаг.
Вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй байна
Улаанбурхан өвчний эмчлэх, оношлох сайдын тушаал сүүлд шинэчлэгдэн гарсан. Энэ өвчин хүндэрч хатгалгаа, уушги руу орж, нас барах өндөр эрсдэлтэй халдварт өвчин. ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээнд долоо хоногт 4-8 хүүхэд хүндэрч хэвтэж байна. Нэн хүнд хүүхэд байхгүй. Улаанбурхан өвчний нэг, хоёр тунтай вакцин хийлгэсэн хүүхдүүд хөнгөн өвдөж байна.