
Сургуулийн өмнөх боловсролын багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг 2025 оны 04 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 03-ны зохион байгуулна. Энэхүү гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсанаар багш нар үндсэн цалингийн 40 хүртэл хувиар урамшуулал авах, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, сургалтын чанарыг сайжруулах зэрэг олон талт ач холбогдолтой юм.
Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх баг нь тухайн цэцэрлэгийн багшийн тооноос хамаарч эцэг эх, багш, арга зүйчээс бүрдсэн 3-11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Багт ажиллах гишүүн нь нийт ажилчдын хурлаар 80-аас доошгүй хувийн санал авснаар үнэлгээний багт ажиллах эрх нь нээгдэнэ. Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахдаа:
- Ил тод, шударга бодитой байх,
- Үр дүн, нотолгоонд суурилсан байх
- Багшийн нэр хүндийг хүндэтгэсэн байх
- Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлийг дэмжсэн байх
- Нээлттэй, үнэлгээний олон арга хэлбэрийг хослуулсан байх
- Хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчмыг баримтална.
Ерөнхий шалгуур үзүүлэлтүүдэд:
- Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн,
- Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн,
- Цэцэрлэгийн болон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр багтана.
Гүйцэтгэлийн үнэлгээг хийхдээ:
- Хүүхдийн эзэмшсэн чадварыг илрүүлэх ажиглалтын хуудас
- Үнэлгээний асуулга
- Орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг үнэлэх хуудас
- Өөрийн үнэлгээний асуулга
- Хөндлөнгийн оролцогчдын үнэлгээний асуулга гэсэн үнэлгээний арга хэрэгслийг ашиглана.
Үнэлгээнд хамрагдах хүүхдийн тоо нэг бүлэгт хамрагдаж байгаа хүүхдийн 30-аас доошгүй хувь, хөгжмийн болон биеийн тамирын багшийн сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүүхдийн 20-иос доошгүй хувь байна.