
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.25/ нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад гишүүдийн 67.7 хувиар дэмжлэг хүлээлээ. Уг төслийг УИХ өчигдөр хэлэлцэж эхэлсэн юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг өчигдөр УИХ-аар хэлэлцэхэд 26 гишүүн асуулт асууж, 4 гишүүн байр сууриа илэрхийлж, өргөн хэлэлцүүлэг өрнөсөн билээ.
УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг үзэл баримтлал болоод төслийн хүрээнд засаж сайжруулах заалт олон байгаа талаар хэлсэн. Мөн өчигдөр орой хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, МСНЭ-ээс хэвлэлийнхнийг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой гэдэг мэдэгдэл гаргасан. Иймээс өнөөдөр өглөө Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын хамтаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж, УИХ ын төвшинд эхлээд хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд явъя. Ажлын хэсэг байгуулаад төслийг сайжруулах чиглэлээр ажиллая, мөн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж ажиллая. Нэгдсэн шийдэлд хүрсэн тохиолдолд анхны хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлээд явна. Нэгдсэн ойлголцолд хүрээгүй нөхцөлд хэлэлцүүлэг зогсоно” гэлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Тус хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
- Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар
- Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлангийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт
- Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл тус тус хэлэлцэнэ.