
УИХ-ын гишүүд өчигдөр /2025.04.24/ Төрийн ордонд хэвлэлийн эрх чөлөөний талаар ярив.
Тодруулан хэлбэл, 1998 онд батлагдсан дөрвөн зүйлтэй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг Засгийн газар шинэчлэн найруулж, 2025.01.24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үү үгүй юу гэдгийг гишүүд хэлэлцэж, байр сууриа илэрхийлсэн. Харин өнөөдөр санал хурааж хэлэлцэх эсэх эцэслэгдэнэ.
Энэ хуулийн төсөл хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж чадах уу эсвэл боомилох уу. Энэ асуултад хариулт өгөх үүднээс Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд яг юу гэж тусгасныг ярьж өгье. Бас гишүүд өчигдөр ямар байр суурь илэрхийлэв гэдгийг багцлан хүргэе.
Үүнээс өмнө жич нэг мэдээлэл өгөхөд байна аа, энэ хуулийн төслийг Засгийн газар өргөх барихын өмнө сэтгүүлчдийн дунд дөрвөн удаа хэлэлцүүлэг хийсэн гэнэ ээ. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа багтжээ.
НЭГ. ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГАД БАГТСАН НО-ТОЙ НОЦТОЙ ЗААЛТУУД
-Гялтайх “ганц” заалт-
Аштай юу гэсэн хуулийн заалт нь эх сурвалж хуульчлагдлаа. Сэтгүүлч хуулиар эх сурвалжаа нууцлах эрхтэй болов. Цагдаа эх сурвалжаа ичлэхийг албадан, шаардах эрхгүй боллоо. Гэхдээ тодорхой албан тушаалтан сэтгүүлчийг эх сурвалжаа хэлэхийг шаардаж, албадсан тохиолдолд тухайн хүнд ямар хариуцлага хүлээлгэхийг тодорхой тусгаж өгөөгүй учир энэ нь бас л нэр төдий заалт болж мэдэхээр байна.
-Хэвлэл мэдээллийн зөвлөл шүүх байгууллага болно-
За, харин таны тухай сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллага ташаа эсвэл худлаа түгээсэн гэж та хэрэв үзэж байгаа бол Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргах юм байна. Товчхондоо бол Хэвлэл мэдээллийн зөвлөл “шүүх байгууллага” болох нь. Тухайн редакц хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ зөрчсөн эсэхийг нь тэд хянан хэлэлцээд, шийдвэрээ нийтэд нээлттэй мэдээлнэ гэж хуульчилжээ. Гэхдээ бас гомдол гаргагч этгээд шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж хуулийн 14.5-т зааж өгчээ. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэж Үндсэн хуульд заалтыг үүгээр хангаж өгч буй бололтой.
-Тендер зарлаж өөрсдийгөө сурталчлуулах тактик-
Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах бол тендер зарлаж, сонгон шалгаруулж ажлаа хийлгэнэ гэнэ дээ. Уг тендерийн шалгаруулалтад хэн ч оролцож болох бололтой. Заавал хэвлэл мэдээллийн байгууллага оролцоно гэж хуульд тусгаагүй байна.
Хамгийн ноцтой нь тендерийн шалгаруулалтад тэнцсэн хувь хүн болоод хуулийн этгээдээр яг хэдэн төгрөгөөр сурталчилгаа хийлгэхийг нь Засгийн газар шийднэ гэнэ дээ. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай, яамнуудтай нь ойр, хань хамсаатан найзуудад нь л энэ тендер олдох бололтой. Бичлэг сэлт хийдэг ах дүү, амраг садандаа яг хэдэн төгрөг өгч юу хийлгэх үү гэдгээ шийддэг болцгоох нь, хохо…
-Гахай илүү эрхтэй-
Монгол Улсын тухай албан ёсны мэдээллийг олон улсад түгээх, сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ хэвлэл мэдээллийн байгууллага нь арилжааны үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд улсын хэмжээнд нэг байж Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд үйл ажиллагаагаа явуулна гэнэ дээ.
Тэгснээ төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахыг хориглоно. Бүх төрийн байгууллага л зураглаач, сэтгүүлчтэй, төсвийн мөнгөөр авсан том том камер тоног төхөөрөмжтэй бараг дэргэдээ нэг редакцтай шахуу ажилладаг. Тэрийгээ болино гэсэн үг юм байх даа. Яг тэгж чадах уу.
-Хулгайч л хүний халаас тэмтэрдэг-
Та яг хэдэн төгрөгийн цалин авдгаа таарсан болгондоо яриад явдаггүй биз. Гэтэл Засгийн газар маань Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх нэрээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын халаасыг тэмтрэх нь дээ.
Тодруулан хэлбэл, тус хуулийн төслийнхөө 11.4-т “Хэвлэл мэдээллийн байгууллага нийтлэл, нэвтрүүлэг хүргэхдээ захиалгат, эсхүл төлбөртэй болохыг тодорхой илэрхийлэх тэмдэглэгээ хэрэглэж, захиалагчийн, эсхүл төлбөр төлсөн этгээдийн нэрийг дурдана” гэж зааж өгчээ. Одоодоо редакцууд төлбөртэй нийтлэл, материалуудыг “Редакцын бус” контент гэж тэмдэглэж түгээдэг. Тэгсэн төлбөр төлсөн этгээдийн нэрийг дурдана гэж бүр нарийвчлан зааж өгчээ. Яах вэ аль редакц руу ямар төрийн байгууллагаас их мөнгө төвлөрч буйг олон нийт нээлттэй харах боломж нь үүгээр бүрдэж байж болох ч тухайн редакцын халаас руу хэт өнгийж, тэмтрэх гэсэн дүр зураг ажиглагдаж байна. асгийн газар аль редакц жилд хэдэн төгрөгийн ажил төрөөс авч хийж байна гэдгийг хянаад суух нь л дээ. Хулгайч хүн бусдын халаасыг тэмтэрдэг шүү.
-Зарчмыг хуульчилна гэнэ үү?-
Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим гэж ч бий. Тэгсэн Засгаас орж ирж буй энэ хуулийн төсөлд сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг багтаажээ. Зарчмыг хуульчлах нь зөв ч юм уу.
Ер нь бол товчхондоо Засгийн газар өөрсдөдөө ашигтай “маш түүхий” хууль оруулж иржээ.
ХОЁР. ГИШҮҮД ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ДЭЭР ЯГ ЮУ ЯРИВ?
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Төрийн нууц задруулсан гээд сэтгүүлч шоронд хоригдоод гарсан. Тэр төрийн нууц гээд байгааг нь судлахаар нууцад зүйл гэж мэдээлэгдэж байсан.
Монгол Улсын Эрүүгийн хуульд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах тухайд заалт бий. Энэ хэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа явагддаггүй. Нэг ч хүн ял шийтгэл амсаж байгаагүй. Үүнээс өнгөрсөн он жилүүдэд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хэн ч саад учруулаагүй юм уу гэх асуулт гарч ирж байгаа юм. Саад учруулсан үйлдэл зөндөө байсан. Гэтэл сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа гэдэг нь юу юм, сэтгүүлч гэж хэнийг хэлэх юм гэдэг нь тодорхойгүй байжээ. Бид энэ хуульдаа статусыг нь тодорхойлсон. Тэгэхээр сошиал орчинд үйл ажиллагаа явуулж байгаа өөртөө харьяалагдах хүмүүсийн асуудал энэ хуулийн хүрээнд зохицуулагдахгүй.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Энэ хуульд дээрээ ахиж жаахан нэмж ажиллах ёстой юм байна аа, О.Алтангэрэл сайдаа.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Мэргэжлийн редакцуудтайгаа төрийн байгууллагууд өрсөлдөөд контент бүтээх баг дэргэдээ ажиллуулж байна. Тэгээд өөрсдийн бэлдсэн мэдээгээ хэвлэлүүдэд А, Б-гүй гаргуулж байна.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: Сэтгүүл зүйн үйл ажиллагаатай холбоотой алдааг олон улсын жишгээр ёс зүйн хүрээнд шийддэг зөөлөн зохицуулалт руу шилжих нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Сэтгүүлчийн ёс зүйг хуульчилсан байх юм. УИХ-ын даргын захирамжаар УИХ дээр ажлын хэсэг гарчихсан байгаа. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн төслийг боловсруулах. Тэгэхээр тэр ажилтай, энэ оруулж ирсэн хуулиа уяад, хэлэлцүүлэхгүйгээр дараа нь үзэл баримтлалын хувьд нийтлэг болгоод оруулж ирж болохгүй юм уу.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Иргэний нэр хүндэд халдсан асуудал албан тушаалтны нэр хүндэд халдсан асуудал хоёрыг ялгаатай авч үзмээр байгаа юм. Иргэнтэйгээ барьцаад хүний нэр хүндэд халдчихлаа гээд улс төрчид нь ч гэсэн гомдол гаргаад шүүхээр шийдүүлэх гээд яваад байгаа. Эсрэгээрээ бид иргэнийхээ нэр төрийг хамгаалах тэр үзэл санаа руугаа явах ёстой. Тэрийг ялгамжтай зохицуулж чадсан юм уу даа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Сэтгүүлчид өөрийн цахим хуудас, хаягтаа нийтэлсэн сэтгэгдэл мэдээ мэдээлэлдээ хариуцлага хүлээх юм уу.
Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллагатай байхыг хориглохоор тусгажээ. О.Алтангэрэл сайдаа таны хариуцаж байгаа яамны сайт, пэйжийг тэгэхээр яах юм, хаах уу. Мэдээ мэдээллээ хэрхэн яаж өгөх юм. Заавал тендер зарлаж, заавал мөнгө өгч байж олон нийтэд мэдээ мэдээллээ өгөх юм байна л даа. Арай л жаахан дутуу юм уу даа энэ хуулийн төсөл чинь.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Сэтгүүлчийг яаж ёс зүйтэй байлгах вэ, яаж цензурдэх вэ зорилгоор энэ хууль хийгдээгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага гэж редакцтайгаар сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг сонин сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэг хуулийн этгээдийг ойлгоно гэж тусгасан. Тэгэхээр зүгээр өдөр тутмынхаа үйл ажиллагааг тавьдаг төрийн байгууллагын цахим хуудаснуудад энэ хууль хамаарахгүй.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Сэтгүүлчдийн олон жилийн мөрөөдөл болсон эх сурвалжаа нууцлах заалт орж байгаа нь сайн байна. Гэхдээ буруу юм байна. “Хэвлэлийн мэдээллийн редакц” гэж юу юм бэ гэдгийг хуульд тодорхойлжээ. “Хэвлэлийн мэдээллийн редакц” татвар төлдөг байх ёстой байхгүй юу. Тэрнээс хэдэн компьютер тавиад, рийл хийдэг камертай нөхөд нийлээд сууж байгааг мэргэжлийн байгууллага гэж хэлэхгүй. Хуулийн төсөлд “Хамтын хэвлэл мэдээллийн байгууллага” гэж юм байна. Энэ буруу. Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлахдаа тендер зарлана гэж байгаа нь зөв. Байгууллагуудад ил тод санхүүжилтийг олж авах боломж нээгдэж байгаа юм. Харин Засгийн газраас үнэ төлбөрийг нь батална гэж байгаа нь буцаагаад цензур оруулчхаж байгаа байхгүй юу. Энэ хуулийг дахиж сайн базмаар байна.
С.Бямбацогт гишүүн “Бямбын ярилцлага” гээд нэвтрүүлэг хийгээд байгаа шүү дээ. Энийг хэвлэл мэдээллийн редакц гэж үзэх үү, Хамтын хэвлэл мэдээллийн байгууллага гэж үзэх үү. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа хийгээд байгаа С.Бямбацогт гишүүнийг сэтгүүлч гэж үзэх үү. Энүүгээрээ хүн гүтгэвэл яах вэ?
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: С.Бямбацогт сайдын хийж байгаа нэвтрүүлгийг сэтгүүлзүйн бүтээл гэж үзэхгүй. Хувь хүн өөрөө контент бүтээгээд энэ нь сэтгүүлзүйн мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарахгүй байгаа бол энэ хуулийн хүрээнд хамгаалагдахгүй.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг арбитраар шийдмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл гүтгүүлсэн гээд байгаа хүн өөрийн арбитрчийг сонгоод, сэтгүүлч өөрийн арбитрчийг сонгоод асуудлыг шийдвэрлэдэг олон улсын жишиг бий. Европын орнууд ингэж шийдэж байгаа. БНСУ ч бас ингэж шийдэж байна. Энэ шийдэгдэхгүй болохоор сэтгүүлчийг цагдаад өгдөг, шүүхэд дууддаг асуудал тасрахгүй байгаа юм. Бид уг нь үүнээс л ангижиръя гэсэн шүү дээ. Эх сурвалжаа нууцлах чухал ч энэ хуулийн төсөлд бас л зэрэмдэглээд хаячихсан байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг би ахалж байгаа. Энэ хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ хуулийн төслийг анхнаас нь дэмжихгүй гэдгээ хэлсэн. Манай сэтгүүлчид нэмж эрх чөлөө хүсээгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхээ л эдэлье гэж байгаа юм. Ковидоос хойш төрийн бүх мэдээлэл олдохоо больчихсон. Цагдаад дуудагддаг тоо нь нэмэгдчихсэн. Эрх чөлөөг хуульчлах тусам хумигдана. Гишүүдийн яриаг сонслоо. Яаж сэтгүүлчдийн дураараа байгаа байдлыг цензурдэх вэ л гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол хэлэлцэгдээд явж байгаа шатандаа бүр хүсээгүй үр дүн рүүгээ явах юм шиг байна. Засгийн газар энэ хуулийн төслөө буцаагаад татчихвал яасан юм бэ?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг хэлэлцье гээд дэмжчих юм бол УИХ ажлын хэсэг байгуулаад, засаж сайжруулаад, зарим шаардлагагүй заалтыг хасах боломж дэгийн тухай хуулиараа нээлттэй. Харин энийг хэлэлцэхгүйгээр буцаасан тохиолдолд дахиж өргөн баригдах хугацаа нь хэзээ вэ гэдэг тодорхойгүй.