
Д.Трамп В.Зеленскийн мэдэгдэл энхийн хэлэлцээрт сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Крымийн хойгийг ОХУ-ын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөх хууль эрх зүйн үндэс байхгүй хэмээн мэдэгдсэнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн нийгмийн сүлжээнд В.Зеленскийн энэхүү мэдэгдэл энхийн хэлэлцээрт сөргөөр нөлөөлж буйг онцолжээ.
Тэрээр Украин улс Крымийн хойгийг олон жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгчөөр Барак Обама ажиллаж байх үед алдсан учраас Крымийн хойгийн асуудлыг хөндөхөд оройтсон гэжээ. Ерөнхийлөгч Д.Трамп, “Хэн ч В.Зеленскийгээс Крымийн хойг Оросынх гэж хүлээн зөвшөөрөөч гэж гуйгаагүй, Крымийг тэгж л их эргүүлэн авахыг хүсэж байгаа юм бол 11 жилийн өмнө Крымийн хойг ОХУ-д ганц ч буун дуугүйгээр шилжих үед нь тэмцэх нь яасан юм?” хэмээн Truth Social хуудаснаа бичжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Лондонд ОХУ-Украины асуудлаар АНУ, Украин, Франц, Герман болон Их Британийн Гадаад харилцааны сайд нар уулзсан юм. Тус уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцож, Вашингтоны боловсруулсан энхийн гэрээг танилцуулах байсан ч тэрээр уулзалтад оролцож чадаагүй юм.
Нөгөө талаас Энэтхэг улсад айлчлал хийж буй АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс ОХУ болон Украинд Вашингтоны санал болгож буй энхийн гэрээг хүлээн зөвшөөрөх эсвэл Вашингтон ОХУ-Украины асуудалд оролцохоо бүр мөсөн болих гэсэн сонголтууд л байгааг онцолжээ.
АНУ‐ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф ОХУ-Украины асуудлаар ирэх баасан гарагт ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч В. Путинтэй уулзах аж.
Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр талууд зөвшилцөлд хүрэх маш ойрхон байгаа аж.