
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Энэ оны эхний 4 сарын байдлаар зөвхөн Бичигт боомтоор экспортолсон нүүрс тээвэрлэлт 2.9 дахин нэмэгдсэн
-Та бүхэнд долоо хоног бүр мэдээлдэг экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн мэдээллийг танилцуулъя. Энэ ажлын хэсэг бол уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг өсгөх цогц арга хэмжээ, төлөвлөгөө байгуулаад ажиллаж байгааг хэлье.
Өчигдөр ажлын хэсэг хуралдсан. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөн дүнгээрээ өмнөх оны мөн үеэс давсан үзүүлэлттэй харагдаж байна.
Нэгдүгээр сарын 1-ээс өнөөдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан. Сүүлийн үед экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Бичигт боомтоор эрчим хүчний нүүрсний экспорт 2.9 дахин нэмэгдэж хоёр сая 100 мянган тонныг экспортод гаргаад байна.
БНХАУ-ын зах зээл рүү нийлүүлэгдэж буй эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байгаа нь бидэнд 2025 оны үлдэх хугацаан дээр гурван сая тонн нүүрс нэмж экспортолж 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжийг нээж өгч байна.