
Засгийн газрын өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав
Н.Учрал: Уул уурхайн биржийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үед намуудын бүлгүүд болон улс төрийн намуудаас саналыг нь авч хэлэлцээд эргүүлэн татаж авах шийдвэрийг гаргалаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-УИХ-аар батлагдсан Засгийн газар хоорондын олон улсын гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагч нарыг хамгаалах, цаашлаад хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэх, эрх зүйн орчныг тодорхой болгох ХЗДХЯ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Үүний үр дүнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Татварын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах төслийг боловсруулж ХЗДХЯ-ны сайд танилцуулна.
Мөн Уул уурхайн биржийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх үед УИХ-ын гишүүд болоод улс төрийн намын бүлгүүдээс гаргасан саналыг үндэслээд тус хуулийг дахин боловсруулж өргөн мэдүүлэхээр хуулийг Засгийн газрын зүгээс татаж авах шийдвэр гаргасан. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үндэсний баялгийн сангийн хэрэгжилт, болон үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшил болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд миний бие төр, түмнээс алдагдсан стратегийн орд газруудын 34-50 хувийг үндэсний баялгийн санд эргүүлэн авах ажлын хэсгийг ахалж байгаа. Монголын баялаг аль нэг намын өмч огт биш.
Хэн нэгэн улстөрчийн хувийн хөрөнгө биш. Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ монголын баялаг
Үүнд Төгрөг нуур ч бай, Ухаа худаг ч бай бүгд хамаарна. Үүнийг хэн нэгэн бүтээгээгүй тиймээс ард иргэд үүний баялгийг хүртэх зохицуулалттай. Аль намын хэн эзэмшсэн байх нь огт хамаагүй. Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна. Стратегийн зөвхөн нэг ордын ярихад л олон асуудал үүсч байгааг та бүхэн харж байна.
Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолтын гэрээ байгуулсан МТАС түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг цуцалсан.